8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: "Өгий нуур"-ын усны шонхор шувуу Энэтхэг рүү дүрвэж, хүндэт донорууд нийтийн тээврээр үнэгүй зорчихоор болсон өдөр

2017-05-19 18:40:00

Амжилт бүтээл дагуулсан ажлын долоо хоног ийнхүү дуусаж байна.  Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах өдөртэй долоо хоног таньд шинэ амжилт бүтээл дагуулсан гэдэгт итгэлтэй байна. Мэдээж дулааны улирал айлчлан ирсэн тул агар салхинд гарч цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

Хайртай гэр бүлдээ, хайртай бүхэндээ цаг гаргаарай гэж зөвлөе.
 Оюун уxаан ундаршгүй тул
Уншиж мэдэxэд цаг гарга
Ариун xишиг бурxныx тул
Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.Ингээд та бүхэндээ тойм мэдээллийн "Монголын нэг өдөр" булангаараа өнөөдөр болсон үйл явдлыг хүргэе. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Эх орноосоо урвасан гэх заалтын талаар хэн юу хэлэв

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийж баталсан билээ. Энэхүү хуулийн зарим зүйл заалт нь Үндсэний аюулгүй байдалд ноцтой аюул учрахаар байна гэдгийг нэр бүхий гишүүд хэлж, эсэргүүцэж байсан. Өчигдөр  Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудал  дахин яригдаж, дуулиан тарилаа. Хятадын тагнуул гэж хүртэл хэлэгдэж байсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энхийн цагт урвагч байхгүй гэсэн хууль батлачихлаа” хэмээн бухимдлаа илэрхийлж, О.Баасанхүү гишүүний талд зогсож байсан бол Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар “Өнгөрсөн долоо хоногт батлагдсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эх орноосоо урвах гэдэг зүйл заалтыг устгаад хаясан мэтээр зарим хүн яриад байна хэмээн хэллээ. Ингээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүдийн хэн юу хэлсэн талаар мэдээлэл хүргэе. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгож байна.


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учирлаа гэж үзэж байна. УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн 19.1 заалтад “Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдалд зэвсэгт халдлага мөргөлдөөн,түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл эсвэл бүх насаар нь хорино” гэж заасан. Энэ нь эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгож байна.
 
Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн дайны үед эх орноосоо урвах гэдэг заалт хамаарна. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой зүйл. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөдрийн Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болохуйц гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, мөн дайн бүхий байдал зарласан үед дайны талд шилжин орсон бол 16-25 жил хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байсан. Энэ хоёр заалтыг харьцуулан харвал шал өөр.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Эрүүгийн хуулийн эх орноосоо урвах, төрийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой нэг ч зүйл заалтыг хөдөлгөөгүй

Өнгөрсөн долоо хоногт батлагдсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эх орноосоо урвах гэдэг зүйл заалтыг устгаад хаясан мэтээр зарим хүн яриад байна. Энэ удаагийн өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн эх орноосоо урвах, төрийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой нэг ч зүйл заалтыг хөдөлгөөгүй. 2015 онд батлагдсан тэр хэлбэрээрээ байгаа.2002 оны Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд тусгагдсан “Эх орноосоо урвах” гэдэг зүйл 2015 оны шинэ хуулиар 19.1, 19.4 гэж хоёр зүйл болж салж батлагдсан. Эх орноосоо урвах гэдэг зүйлийг Эрүүгийн хуулиас бүхэлд нь энэ чуулганаар аваад хаясан мэт, эсвэл Эрүүгийн хуульд огт байхгүй юм шиг ойлголтыг хүний, өөрийн зарим хүмүүс яриад байгаа нь огт худлаа шүү. Нийгэмд буруу зөрүү ойлголт өгч тараагаад байгаа нь зохисгүй учир Тагнуулын ерөнхий газар хэвлэлийнхэнд тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй. Нийгэмд янз бүрийн мэдээлэл тараад байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ховд аймгийн Булган суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

Энэ сарын дунд үеэс хэт дулаарч байгаагаас Ховд аймгийн Булган сумын  Булган голыг тэтгэдэг уулсын цас их хэмжээгээр хайлж, Булган голын усны түвшин эрс нэмэгдсэн байна.Мэргэжлийн байгууллагууд Цаг уурын Байтаг станц, Онцгой байдлын хэлтсийн мэдээлсэнээр, Булган голын усны ердийн түвшин 300-310 см байх ёстой түвшингээс өнөөдрийн байдлаар 370-378 см буюу аюултай түвшинд хүрээд байгаа аж. Гол усны түвшин цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул Булган сумын Онцгой комисс шуурхай хуралдаж "Өндөржүүлсэн бэлэн байдал" зарлажээ. Сумын хэмжээнд эрсдэл үүсч болзошгүй бүсийг тогтоох, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол өгч ажиллахыг анхааруулсан байна.

Н.Номтойбаяр: Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болголоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр, төрийн өмчит сургууль цэцэрлэгийн эмч, багш нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болгосон талаар болон Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар, Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэх талаар, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон “тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-аар зөрчил, шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тодруулбал:

ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, ШИМТГЭЛГҮЙ БОЛГОВ

Өнөөдрийн байдлаар иргэд цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэй авдаг. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлэгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар ХААН банк болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээг байгуулав. Ингэснээр 91.373 эмч, багш, ажилтнууд цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломжтой боллоо. Мөн зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд зээлийн дүн нь  зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх юм. Хэрэв үүнээс өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэрээс дотоод нөхцлийнхөө журмаар зээл олгоно.

ДААТГУУЛАГЧИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА

Дээрх ажлын хүрээнд 40-65 насны даатгуулагчийн элэгний В,С вирусыг илрүүлэх оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас 100% төлбөрийг нь хариуцахаар мөн 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний 3 төрлийн багцаас сонгон тусламж, үйлчилгээ авах ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дараах 3 багцаас сонгоно

Дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх
Дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх
Хавдрын эрт илрүүлэг

Элэгний С, В вирүсыг илрүүлэх оношилгоо шинжилгээнд 40-65 насны 500 мянган даатгуулагч хамрагдан даатгалын сангаас 1.5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд даатгуулагч энэхүү тусламж, үйлчилгээг өөрийн харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс авна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

М.Нара Ч.Ану нар нэгдэж, нэр дэвшигчдийн маскийг хуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөгчид тодорсон даруйд сайн мууг нь дэлгэж, харьцуулах кампанит ажил өрнөж эхэлсэн.  Тухайлбал, дипломтой, дипломгүй, дипломтой ч юм шиг, үгүй ч юм шиг гэдгээс  аваахуулаад хятад, монголоор нь хүртэл дуудаж буй. Эцэстээ эдгээр мэдээллийн аль нь үнэн, аль нь худлыг мэдэх аргагүй болтол  балбаж байна.  Тиймээс  нийгмийн тодорхой сигментүүдээс санаачилга гарган,  гурван нэр дэвшигчээс сонголтоо хийхэд нөлөөлөх бодит мэдээллийг олон нийтэд хүргэхийг шаардаж эхэлжээ.  Тэдгээрийн анхдагчид бол дуучин М.Нара, Ч.Ану нар юм. Анх дуучин М.Нара өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан нэр дэвшигч нарыг гэр бүлийн баталгаагаа олонд дэлгэхийг уриалснаар эхлүүлсэн бол дуучин, гурван ч охины ээж болсон Ч.Ану түүнийг дэмжиж байгаагаа фэйсбүүк хуудсаараа илэрхийлэв. 



Залуухан ээжүүд олон нийтэд нийгмийн идэвхтэй, бурууд нүд хурц, зөвд эерүү зөөлөн байж, бодит үнэнийг ил болгож, зөв сонголт хийцгээхийг уриалан, гурван нэр дэвшигчээс бодит мэдээллээ ил болгохыг уриалж байгаа юм. 





Улсын эцгийг сонгох гэж байж, ховонд дурлаж, хүн муулж, худлаа хэлсэнд үнэмшиж, гоомой хандаж болохгүй шүү гэдгийг олон нийтэд уриалж, нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Тэдний энэ уриалгыг олон зуун мянган залуу ээж, охид, бүсгүйчүүд дэмжихээ мэдэгдэн "like" дарснаас харахад нэг томоохон давалгаа бий болж, нэр дэвшигч нар маскаа хуулахаас аргагүйд хүрэх нь тодорхой болж байна.

256 орчим Хүндэт донор нийтийн тээврээр үнэгүй зорчино

Эрдэнэт хүний алтан амийг авардаг хэмжээлшгүй буянт доноруудаа нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулахаар болжээ.  “Хүндэт донор” цол, тэмдгийг 35 удаа буюу 12 л түүнээс дээш хэмжээгээр цус хандивласан донорт олгодог юм байна. Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн насны 256 орчим Хүндэт донор байдаг юм байна.

Ганцхан "Өгий нуур"-т байдаг усны шонхор шувуу Энэтхэг рүү дүрвэжээ

“Өгий нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох жишиг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээлэл” сэдэвт уулзалтыг БОАЖЯ-нд хийсэн байна. Энэ үеэр орон нутгаас ирсэн төлөөлөгчид иргэдийн ухамсаргүй байдлаас болж нуурын ойр орчим хог хаягдал ихээр нэмэгдэж, хөрсний бохирдол үүсэн улмаар нуур бохирдож байгааг онцолж байсан юм. Цаашлаад залуучууд моторт завиар сэлгүүцэх нь ихэссэнээс болж энэ нууранд ирдэг байсан ховор төрлийн шувууд дайжихад хүрч тэднийг л зөвхөн үзэхээр ирдэг байсан жуулчдын цуваа тасарч байгааг эрдэмтэд онцолсны дээр нуурын ёроолд байх загасны торонд загаснууд заламгайгаараа орооцолдож үхэж байгаагаас гадна шумбагч шувууд ч ихээр эндэж байгаа талаар ярилцсан байна. 

Өгий нуурын орчинд 129 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 51 зүйл нь нуурын орчинд үржих боломжтой боловч хүн малын төвлөрөл, орчин нөхцлийн хомсдлоос шалтгаалан үржлийн амжилтын хувь жилээс жилд буурсаар байгаа талаар Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяа мэдээлэл өгсөн байна. Үүнээс гадна жуулчид 1500 ам.доллар төлөөд ч хамаагүй усны шонхор гэж Монголд л байдаг шувууг үзэх гэж Өгий нуурыг зорьж ирдэг ажГэтэл  энэ шувуу одоо энэтхэг рүү дайжиж байгаа аж. Саяхан чиглэлийг нь судалж, Өгий нуурт 7 хоночихоод л Энэтхэг рүү ниссэн байхыг судлаачид тогтоосон байна. 

 

Маргааш хотын төвөөр троллейбус үйлчлэхгүй

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр”,“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн маргааш/05.20/ болно. Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

 “Улаанбаатар марафон-2017” Олон улсын гүйлтийн тэмцээний үеэр зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний  Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 34 чиглэлийн 331тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилнэ.

Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн  өдөр троллейбус үйлчилдэг Т:2 "5 шар - Ботаник", Т:4 "Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлүүд явахгүй болохыг иргэдэд анхааруулж байна.

М.Анхцэцэгийн гэр бүлд сая төгрөг хандивлав

Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа юм. Хүндийг өргөлтийн спортоор хичээллэх сонирхолтой охин БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай байгаа ажээ.

Иймд олон нийт тамирчин М.Анхцэцэгийн дүүд туслах хандивын аяныг эхлүүлээд байна. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардалд туслах хандивын аяныг дэмжин, 1 сая төгрөг хандивлалааа. Хандивын өглөгөө өнөөдөр /2017.05.18/ МҮОХ дээр М.Анхцэцэгийн гэр бүлийнхэнд гардуулав.МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн бусад олимпийн холбоог хандивын аянд нэгдэхийг уриалав.

Дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгах хүсэлтэй тамирчин М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардалд хувь нэмэр оруулахыг хүсвэл түүний ээж Д.Мөнхчимэгийн "Хаан" банкны 5071320523 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 451038475 тоот хандивын дансанд хандив өргөх боломжтой. Холбоо барих утас: 88063018

”Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг шүүнэ

“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг АТГ-т шалгаж байгаа бөгөөд түүнийг хэргийг шүүх хурал энэ сарын 22-ны өдөр буюу ирэх долоо хоногийн даваа гаригт 13.30 цагаас болох юм байна. Тэрбээр Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүй нь илэрсэн талаар өмнө нь мэдээлэл гарч байсан. Мөн АТГ шалгаж эхэлсэний дараагаар Б.Эрдэнэбатын гэрт АТГ-ын байцаагчид шалгалт үзлэг хийхээр очиход мөрдөн байцаагчийн биед халдсан хэргээр мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Маргааш томоохон, зах худалдааны төвүүд амарна

Маргааш нийслэлчүүд бид  “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэнэ. “Автомашингүй өдөр” “Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Мөн үүнээс гадна  томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй амрах юм байна. 

Элэг шилжүүлэн суулгуулсан Л.Бүжинлхам эмнэлгээс гарчээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын баг болон ЭХЭМТ, Солонгос улсын “Асан” анагаах ухааны төвийн хамтарсан баг долоон настай Л.Бүжинлхам охинд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг өнгөрсөн сарын 23-нд хийсэн. Мэс заслын дараах эмчилгээ амжилттай болж  охин өчигдөр  эмнэлгээс гарчээ.Охиндоо донор болсон ээжийнх нь биеийн байдал мөн сайн байгаа аж.

Энэ хагалгаа нь манай улсад хийгдэж буй элэг шилжүүлэн суулгах 34 дэх удаагийн хагалгаа бөгөөд хүүхдэд хийж байгаа гурав дахь хагалгаа болсон. Охины хагалгааны зардалд нийт 75 сая төгрөг зарцуулагдсан бөгөөд 70 орчим хувийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргажээ. Л.Бүжинлхам охин 2010 онд нярай үедээ буюу гурван сартайдаа төрөлхийн цусны замын битүүрэлтэй болсон гэдэг. 

Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
dr ameer
Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу? Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ? Би КИНИНГИ компани нь fortis эмнэлэгт 520,000 ам.доллараар зарж байна Амьдралдаа аз жаргалтай байгаа у
2019/05/22 197.210.227.206