8o
Улаанбаатар хот
mobile menu

30 баримт: Манай улсад 18-35 насны 70-90 мянган хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байна

2017-05-22 09:05:00

Өнгөрсөн тав дахь өдрийн УИХ-ын чуулганы  үдээс хойших хуралдаанаар “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэдээлэл өгсөн. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хар тамхитай холбоотой гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, төрөөс гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх бодлогын баримт бичгийг баталсан байна. Тус бодлогын баримт бичигт гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилт тавиад байгаа. Өнөөдрийн байдлаар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 57 эрэгтэй, 9 эмэгтэй ял шийтгэгдэн ял эдэлж байгаа бол 13 эрэгтэй, 9 эмэгтэй сэжигтнээр шалгагдаж байна. Сүүлийн үеийн мэдээллээр хар тамхины тархалт маш их ихсэж байгаа бөгөөд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2015 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нэг 12-14 насны нэг ангийн 14 хүүхэд хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан байдаг. Хар тамхи гэж энэ тахалыг одоо л зогсоохгүй бол ирээдүй хойч үе залуус маань хар тамхинд донтож, ухаанаа алдаж байгааг Засгийн газар анхааралдаа авч эхэлсэн байна.  Манай улсыг аалзны тор мэт хэрсэн хар тамхины талаар сэрэмжлүүлэг болгох үүднээс дараахь 30 баримтаар мэдээлэл хүргэе.

  1. 1999 оны судалгаагаар анх хар тамхи хэрэглэж мансуурсан  45 хүүхэд хүүхэд бүртгэгдэж байсан байна. 
  2. 2006-2016 онд үйлдэгдсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт дүн шинжилгээ хийхэд нийт гэмт хэргийн 0,2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг байдаг байна. Үүнээс  82,1 хувь нь Улаанбаатар хотод, 17,9 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бөгөөд  жилд дунджаар 32, сард 2,7 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэхтэй холбоотой  гэмт хэрэг 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгасан байна.
  3. Өнөөдрийн байдлаар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 57 эрэгтэй, 9 эмэгтэй ял шийтгэгдэн ял эдэлж байгаа бол 13 эрэгтэй, 9 эмэгтэй сэжигтнээр шалгагдаж байна
  4.  Уг гэмт хэрэгт холбогдсон холбогдогчийн насны байдалд судалгаа хийвэл 18 насны буюу насанд хүрээгүй холбогдогчийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6  хувиар тус тус өссөн байна.
  5. Монгол Улсын иргэд гадаад оронд зорчихдоо хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон тохиолдол анх 2006 онд бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 117 хүн шалгагджээ.
  6. Хар тамхыг хууль бусаар тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан гэх зүйл ангиар 1 иргэн тус тус шүүхээс ял шийтгэгдсэн байна. 
  7. Манай улс өнөөдрийн байдлаар 1200 орчим нэр төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх нэг ширхэг төхөөрөмжтэй гэдгийг холбогдох газрууд танилцуулсан талаар Хууль зүйн сайд С.Бямбацогт мэдээлэл өгсөн.
  8. Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд шинэ лаборатори байгуулах чиглэлээр судалгаа хийх үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн байна. Үүний үр дүнд 9.5 тэрбум төгрөгийн төсөв бүхий төслийг боловсруулжээ. Нэг удаа 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр лабораторийн техник, технолгийг шинэчлэх бөгөөд цаашид жил бүр 1.8 тэрбум төгрөгийн урсгал зардалтай байхаар төлөвлөгдсөн байна.
  9. Түүнчлэн хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг, хамааралтай хүмүүсийн талаарх хэд хэдэн янзын тоо, баримт яригддаг бол цагдаагийн байгууллагад бүртгэлтэй 1100 гаруй хүн, нэг хүний цаана 4-5 хүн хамааралтай байдаг гэж тооцвол 6000-6500 орчим хүний хүрээнд яригдах юм байна.
  10. Манай улсаас БНХАУ-д 94, ОХУ-д 5, Казакстанд 3, Германд 1, Малайзад 5, Унгарт 3, Бангладешт 3,  Грект 1, Болгарт 1, Славак улсад 1 нийт 117 хүн хар тамхи мансууруулах бодистой холбогдсон байна.
  11. БНХАУ-аас манай улс руу ихэвчлэн амфетамин, метамфетамины төрлийн мөс /ICE /болон мансууруулах ургамлын гаралтай шавар /HASHISH/ бодис нийлүүлэгдэж байна.
  12. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альша, Баяннуур аймгуудтай хиллэдэг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуун сухайтын хилийн боомт, Гурван тэс сумын Шивээ хүрэнгийн хилийн боомтуудаар оруулж ирээд байгаа  “Ми Ми” гэх нунтаг цагаан бодисын хэрэглээ сүүлийн үед ихссэн байна.
  13. 2014 оноос 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 38,3 килограмм Каннабис, 1,6 килограмм Мөс, 134 грамм Гашиш, долоон ширхэг экстази, 3542 ширхэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, 0,4 грамм кокаин хураагджээ. Эдгээрийг мөнгөн дүнгээр тооцвол нийт 964,520,000 төгрөгийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодис хууль бусаар зарагдсан байна.
  14. Монгол Улс нь Эрүүгийн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд 2-25 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг.
  15. Хар тамхи, мансууруулах бодис нь архи, тамхинаас 60 дахин илүү хортой, сөрөг нөлөөтэй.
  16. Дэлхий дээр 3300 гаруй төрийн бус байгууллага энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
  17. Хар тамхи, мансууруулах бодис тарьж хэрэглэдэг хүмүүсийн 50 хувь нь ДОХ-ын халдвар авах магадлалтай.
  18. Дэлхий дээр 200 гаруй сая хүн хар тамхи, мансууруулах бодис идэвхтэй хэрэглэдэг гэсэн судалгааг НҮБ гаргажээ.
  19. Ямар бодис хэрэглэснээс нь шалтгаалж эхлээд их хэмжээгээр унтах эсвэл хэт сэтгэлийн хөөрөлд автах инээх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
  20. Хэд хэдэн удаагийн давтамжтай хэрэглэсэн хүн бусдаас өөрийгөө тусгаарлаж, энэ төрлийн бодис худалдаалдаг хүмүүст хандаж эхэлдэг. Өсвөр үеийнхээ эцэг, эхээ тоохоо байдаг.
  21. Үндэстэн дамнасан аюул манайд цэцэглэж байна.
  22. Хар тамхи, мансууруулах бодисыг хувийн бизнестэй, санхүүгийн байдал тогтвортой хүмүүс хэрэглэх нь ихэссэн.
  23. 2016 онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдыг тоо 19-25 насныхан 114, 26-35 насныхан 71, 35-аас дээш насны 33 хүн тус тус холбогджээ.
  24. Уг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо муу, орчин үеийн техник, технологи хангалтгүй.
  25. Хэдэн жилийн өмнө хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн хүн жилд 20 бүртгэгддэг байсан. Харин сүүлийн жилүүдэд 200 болж нэмэгдсэн.
  26. 18-35 насныхан хэрэглэх нь зонхилдог. Сүүлийн үед насан хүрээгүй буюу ЕБС-ийн сурагчид хэрэглэх нь тохиолдол гарсаар байна
  27. Манай улсад 18-35 насны 70-90 мянган хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг.
  28. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчийн дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг.
  29. Манай орны зарим нутаг дэвсгэрт мансууруулах төрлийн ургамал хяналтгүй ургадаг, түүнийг устгах ажил хангалтгүй зохион байгууллагддаг.
  30. Дэлхий дээр 18 сая хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч байна гэсэн судалгаа байдаг бол үүнээс  жилд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч дундаас нэг жилд  70,000 хүн буюу өдөрт дунджаар 192 хүн  нас бардаг.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
арай худлаа байна
За ингэж хар тамхичдын тоог нэмж гаргах ямар шаардлага байгаа юм бэ? Худлаа мэдээ
2017/05/22 66.181.184.182
  • Recent
  • Most Read
  • Most Comment