Өнгөрсөн бямба гарагт болсон “Улаанбаатар марафон 2017”-ийн үеэр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд гадаадын хоёр иргэн бие засаж буй зураг олон нийтийн сүлжээгээр тарсан. Уг хоёр иргэнийг эрэн сурвалжилсны дагуу илрүүлэн Захиргааны хэргийн бүртгэл хийж шүүхэд шилжүүлсэн талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээллээ.
Тэднийг олон нийтийг илтэд үл хүндэтгэн танхайрсан гэж үзсэн бөгөөд шүүхээс Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 15 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. Тэдний хувьд тус өдөр болсон марафон гүйлтэд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эрт ирсэн байна. Хэлмэрчгүй, дээр нь бие засах газар хайгаад олоогүй тул ийн зөрчил гаргасан гэж тайлбарлажээ. Мөн өөрсдийн гаргасан үйлдэлдээ гэмшиж, Монгол Улсын иргэдээс уучлалт гуйсан байна.
Ийнхүү гадаадын хоёр иргэн төв талбайд бие засаж түүнийхээ торгууль болох 15 мянган төгрөгийг төлж, бас Монголчуудаас уучлалт гуйгаад өнгөрлөө. Эдгээр хүмүүс цагдаагийн газарт тайлбар өгөхдөө бие засах газар олоогүй учир ийн зөрчил гаргасан хэмээн тайлбарлажээ. Төв талбай тойрсон өндөр шилэн барилгуудын нэг рүү нь гүйж ороод бие засах гэсэн юм гэхэд л асуудлаа шийдэж чадахаар байлаа. Харамсалтай нь ёс зүйгүй ийм үйлдэл гаргасан гадаад хүмүүсийг торгосон мөнгөн дүн нь ердөө 15,000 төгрөг. Цаашид иймэрхүү үйлдэл гаргасан гадаад, дотоодын хүмүүст арай өөр торгууль, шийтгэл ногдуулдаг байвал зүгээр дээ, хотын даргаа.