8o
Улаанбаатар хот
mobile menu

Элчин Сайдуудын хэн нь хэн бэ

2017-05-25 09:13:00

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэн дэмжлээ.
АНУ-д суух Элчин сайдаар БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр,
Япон Улсад суух Элчин сайдаар Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр
ХБНГУ-д суух Элчин сайдаар Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат,
Франц улсад суух Элчин сайдаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр,
Швейцарь улсад суух Элчин сайдаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн,
Канад улсад суух Элчин сайдаар Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь нарыг тус тус томилохыг байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжсэн. Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн батлах юм.
 Байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжсэн Элчин сайдуудын талаар мэдээллийг хүргэе. 


АНУ-д суух Элчин сайдаар БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр гэж хэн бэ


Дэд сайд Ё.Отгонбаяр нь салбартаа төдийгүй нийгэмд танигдсан нөхөр. Булган аймгийн харъяат, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1989 онд төгссөн. Дипломатч мэргэжилтэй. Ажил амьдралынхаа гарааг Гадаад явдлын яаманд атташе, нэгдүгээр нарийн бичгийн даргаас эхэлж улмаар Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад улс төр рүү хөл тавьсан нэгэн. Ё.Отгонбаярын хувьд 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байсан. Өнгөрсөн жилээс эхлэн БСШУС-ын дэд сайдын албан тушаалыг хашиж байгаа. 


Япон Улсад суух Элчин сайдаар Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр


Г. Тэнгэрийн хувьд 2012 онд Гадаад харилцааны дэд сайдаар томилогдон ажиллаж байсан. Англи, орос, япон хэлтэй, гадаад харилцааны чиглэлээр олон жил ажиллаж мэргэшсэн, Японд сургууль төгссөн.  Намынх нь нөхдүүд түүнийг “япон” Тэнгэр хэмээдэг юм билээ. Японд сургууль төгссөн болохоор нь тэр биз.Энэ эрхэм 2005 оноос улстөрд хөл тавьсан. 
Улмаар 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажилласан. Төрийн албанд зүтгэсэн туршлагаар маруухан гэж хэлж болно. 2012 оны 2 дугаар сарын 12-нд Гадаад харилцааны дэд сайд болж байсан. Г.Тэнгэр 1981-1991 онд Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг төгсөж байсан. 

Франц улсад суух Элчин сайдаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр


А.Баттөр Ховд аймгийн харьяат. 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. ГХЯ-нд атташе, Франц улс дахь ЭСЯ-нд соёлын атташе, ЮНЕСКО-гийн Байнгын төлөөлөгчийн газарт дипломат ажилтан, ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал, 1998-2000 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн сайд, 2004-2006 онд Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан. Батлан хамгаалахын дэд сайдын албан тушаалыг хашиж байсан одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа. 2015 онд Дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд Батлан хамгаалах яамнаас өгсөн байр солигдож нэлээд дуулиан дэгдэж байсан. Тухайн үед Дэд сайд асан А.Баттөр нутгийнхаа хурандааг дэмжихдээ С.Цэрэнчимэдийн байрыг будлиантуулчихсан гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байсан. 


ХБНГУ-д суух Элчин сайдаар Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат


Д.Ганбат Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ойрын шадар хүн ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал. Өнгөрсөн 2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус Эдийн засгийн зөвлөл байгуулж байсан. Энэхүү Эдийн засгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байсан нэгэн. 


УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү Н.Чимгүүндарь элчин сайд болно 

Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь. Түүнийг Канад улсад суух Элчин сайдаар томилуулах санал оруулж иржээ. Түүний талаар албан мэдээлэл ховор ч баттай эх сурвалжийн мэдээллээрН.Чимгүүндарь нь УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү юм байна. Өмнө нь Парис хотноо консулаар томилогдон ажиллаж байсан. 

Сайд асан Л.Пүрэвсүрэн

Дараагийн хүн бол Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн. Түүнийг Швейцарь улсад суух Элчин сайдаар томилох санал оруулж ирсэн нь байнгын хороогоор дэмжигдсэн юм. Шийдлийн Засгийн газарт Гадаад хэргийн сайд хийж байв. Үүнээс өмнө Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Тэрбээр Говь-Алтай аймгийн харъяат. Тус аймгийн Алтай сумын 10 жилийн 2 дугаар сургуулийг төгсөж байсан. Л.Пүрэвсүрэн сайд болохоосоо өмнө ГХЯ-ны ажилд хутгалдаж, “алсаас удирддаг” байсан талаар хэвлэлүүд бичиж байв. “...Гадаад харилцааны яамны алсын удирдлагын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л .Пүрэвсүрэн багтдаг. Харин гүйцэтгэгчдийн хувьд ГХЯ-ны зарим газрын дарга, орлогч дарга нар байдаг гэсэн мэдээлэл ч гарч байсан. Түүний ажилласан туршлагаас харвал:

•    ГХЯ-ны Захиргааны хэлтэст атташе /1989-1991/
•    Улаанбаатар дахь Германы ЭСЯ-нд орчуулагч /1991-1993/
•    ГХЯ-ны Европ, Америкийн газарт атташе /1993-1995/
•    Бонн дахь ЭСЯ-нд Хоёр болон Нэгдүгээр нарийн бичгийн дарга /1995-2000/
•    ГХЯ-ны Европын газарт Нэгдүгээр нарийн бичгийн дарга болон зөвлөх /2000-2009/
•    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад харилцааны бодлогын зөвлөх /2009-2012/
•    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх /2012 оноос/ ажиллаж байсан байна. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
элчин сайдаа хүртэл МАН, АН хоёр хуваачих юмаа тэгээд хоёр Эбээгийн хүн болилдоо
2017/05/26 103.229.123.211