8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэр зөрүүд, гөжүүд, бас даруухан юм

2017-05-25 13:50:19

Б.Дамдин

Яг үнэндээ УИХ-ын  гишүүн Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилогдоход олон нийт тийм ч таатай хүлээж аваагүй. Хэдийгээр тэр УИХ-д дөрвөн жил суусан ч олон жилийн туршийн бизнесмэн нэрнээсээ салаад удаагүй байсан цаг. Уг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга гээд төрийн албыг багагүй хугацаанд хашиж ирсэн байдаг. Гэсэн ч сөрөг хүчнийхнээс эхлээд нийгмийн энэ сэтгэлзүйг ашиглан “...Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар ажиллаж барах уу” гэсэн мессежийг нийгэмд хаяж байсан юм. Энэ бол одоогоос арван сарын өмнөх явдал л даа.

Даарин дээр давс гээчээр Сангийн сайд Б.Чойжилсүрэн АН-ынхны засаг барьж байхдаа хоослоод орхисон авдрыг ард түмэнд онгойлгож үзүүлэв. Яагаав, Монгол Улсын валютын нөөц ийм л үлдэж гэж зарлаад бөөн хэл аманд өртөөгүй юу.

Чухамдаа энэ үед, түүнээс хойшх хэдэн сарын турш Б.Чойжилсүрэн сайд руу чиглэсэн дайралт зогсоогүй. Тэр янз бүрээр л хэлүүлсэн. Хувийн компанид нь жижиг сажиг асуудал гарч ирэхэд хэвлэлийнхэн хуйгаараа очоод мэдээлчихнэ. Энэ мэтээр боорлуулсаар өнөөдрийг хүрэв.

Харин тэр энэ хооронд ганц ч удаа “...Намайг ингэж гүтгээд, доромжлоод байна” гэж гоншгоносонгүй. Ажиллаад л байв.

Уржигдар ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Энэ бол эцсийн шийд. Ингэснээр Монгол Улсын уруудаж байсан, бас нам гацаанд орсон эдийн засаг, санхүүгийн байдалд бүлээн салхи орж ирж байгаа юм. Чухамдаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэдэг зүгээр л гүйж очоод аваад ирдэг юм биш гэж байгаа. Ялангуяа Монгол Улсыг ийм болтол доройтуулсан эдийн засагт энэ байгууллага шуудхан үүдээ нээнэ гэж яагаад ч байхгүй.

Тиймээс ямар хэмжээний хийчээл зүтгэл орсон нь ойлгомжтой. Сангийн сайдын гардан удирдсан багийн уулзаж ярьсан цаг хугацаа, унтах нойроо хагаслан “цаас” боловсруулж суусан цагийг энд ярих нь илүүц биз ээ. Тэр бол жижиг юм. Зүгээр л Б.Чойжилсүрэн сайд зүтгэсээр хөтөлбөрөө авч, дараа дараагийн санхүүгийн реформ хийх нөхцөл бололцоог нээж өглөө гээд товчхон хэлчихье.

Энэ ажлын ард гарахын зуур зөвхөн Б.Чойжилсүрэн сайд руу маш их дайралт очиж, дээрээс нь улс орны эдийн засгийн байдлыг мушгин гуйвуулж тайлбарлах, ОУВС-гийн хөтөлбөрийг сөргөөр нийгэмд таниулахыг оролдох зэрэг хар PR явах зэргийн саад бартаа мундахгүй байсныг албаны хүмүүс албан бусаар ярьж л байна. Гэхдээ л ард нь гарч чадлаа.

Тиймээс Б.Чойжилсүрэн сайдыг муулахдаа нөгөө л “Хурд” компаниа гэрлийн хурдаар урагшлуулдаг гэдэг үгийг магтаал болгоод тайлчихмаар юм байна лээ.

Тэр их гүргэр, гөжүүд юм. Тэгсээр зорьсондоо хүрэх гэж зогсохгүй зүтгэдэг хүний бизнесийн амжилт хурдтай байхаас аргагүй юм байна. Б.Чойжилсүрэн сайд үүнийгээ харуулж Монгол Улсын санхүүгийн байдлыг гацаанаас гаргалаа гэж бардам хэлвэл таарахаар байна.

Тэр бас даруухан юм. Би ингэчихлээ гэж цээжээ дэлдсэнгүй. Улс төрийн шанаа авсан ч, шагнал хүртэхээр ажил амжуулсан ч дуугүй л ажилладаг эр юм. Магадгүй, тэрээр Монголын түүхэн дэх эдийн засаг, санхүүгийн хамгийн хүнд үеийн Сангийн сайд байх. 1990-ээд оны үеийг энд зүйрлэх утгагүй л дээ. Учир нь өнөөдөр бол XXI зуун. Монгол Улс байгалийн баялгаа ашиглаад эхэлсэн, дэлхийтэй эдийн засгийн холбоогоо нэн өндөрт аваачсан үе байгаа юм. Ийм үед ийм болтол унасан эдийн засгийг хариуцна гэдэг мөн ч амаргүй даваа.

Магадгүй, түүнээс өөр хүн байсан бол аль хэдийнэ ажлаа өгөөд амар жимэр суухаа бодох ч байсан байж мэднэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
тийм гэж үү
2017/05/25 182.160.34.93
tuya
saidda amjilt xvsie.
2017/05/25 66.181.160.98