8o
Улаанбаатар хот
mobile menu

Хар тамхины наймаанд оролцож байсан, Монгол Улсын нэр хүндийг гутааж байсан хүнийг Элчин сайд болгох нь зөв үү

2017-05-26 09:02:00

Өчигдөр УИХ-ын чуулганаар зургаан улсад суугаа Элчин сайдыг эргүүлэн татаж шинээр томилох асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, Швейцараас В.Пүрэвдорж, Францаас М.Батсайхан, Германаас Ц.Болор, Японоос С.Хүрэлбаатар, АНУ-аас Б.Алтангэрэл, Канадаас Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татлаа. Улмаар Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг 60.4 хувийн саналаар Швейцарь, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөрийг 88.2 хувийн саналаар Франц, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбатыг 78.4 хувийн саналаар Герман, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэрийг 96.1 хувийн саналаар Япон, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярыг 100 хувийн саналаар АНУ, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Чимгүүндарийг 96 хувийн саналаар Канад улсад суух Элчин сайдаар томиллоо. Хэлэлцүүлгийн шатанд шинээр томлогдож байгаа Элчин сайдуудад хандаж зарим гишүүд ширүүхэн үг хэлсэн. Ингээд Элчин сайдуудын талаар “Хэн юу хэлэв” булангаа хүргэж байна. 


УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хэдэн дарга нарт долигнож гүйдгээ болих хэрэгтэй


Элчин сайд болчихоод томилогдсон хүндээ үйлчилж, хэдэн дарга нарт долигнож гүйдгээ болих хэрэгтэй. Тэнд байгаа ад иргэддээ үйлчлэх хэрэгтэй.   Очсоныхоо маргаашнаас эхлээд хэний төлөө ажиллахаа сайн бодоорой.  Сонгосон, томилсон, нэр дэвшүүлсэн дарга нартаа үйлчлээд байв. МУ-ын Ерөнхийлөгч хувь биш шүү. Үеийн үед байх албан тушаал гэдгийг зөвөөр ойлгож ажиллаарай. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:Тамхины наймаанд оролцож байсан, Монгол Улсын нэр хүндийг гутааж байсан хүнийг сонгох нь зөв үү

Элчин сайдаар томилогдож байгаа хүмүүсийн асуудалд анхааралтай, нухацтай хандах ёстой. Томилогдож байгаа Элчин сайдууд улсын нэр хүнд гутаагаад, эргүүлэн татах асуудал үүсч байгаа юм билээ. Томилогдож байгаа хүмүүс дотроос Р.Пүрэвсүрэнг элчин сайдаар дэмжихгүй байна. УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагчийн хувьд зөвшөөрөхгүй байна. Оффшорын эсрэг бүлгийнхээ зүгээс Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллага, эрхзүйн зарим товчоод банкуудтай тодорхой харилцааг эхлүүлсэн байна. Энэ хүн томилогдсоноор бидний ажиллагаанд доголдол үүснэ гэж үзэж байна. Засгийн газрын үйл ажиллагаанд доголдолтой ажилладаг, “ховч хар” гэдэг нэр авсан. Европын холбооны улсуудад нэвтрэх эрхгүй болсон гэх мэдээлэл байна. Тийм байтал Монгол Улсыг төлөөлөхөөр Европын холбоо руу явах нь маш буруу. Монгол төрд бодлого байх ёстой. Монгол Улс нэр хүндээ бодох ёстой. Тамхины наймаанд оролцож байсан, Монгол Улсын нэр хүндийг гутааж байсан хүнийг сонгох нь зөв үү. Өөр хүн олдохгүй байна уу. 


УИХ-ын гишүүн О.Баасанхүү: АСЕМ-ын 300 сая ам.долларыг бид агаарт хийсгэсэн


Элчин сайдаар томилогдож байгаа хүмүүст хэд хэдэн зүйл захимаар байна. Аливаа дотоод бодлогын үргэлжлэл гадаад бодлого. Заавал хэлтэй байх ёстой, мэргэшсэн хүн байх ёстой. Гэхдээ өнөөдөр манайд намын болон улс төрийн томилгоо хийдэг болсон. Нам, төрдөө үйлчлэх биш улсдаа үйлчлэх хэрэгтэй. АСЕМ-ын 300 сая ам.долларыг бид агаарт хийсгэсэн. Бидэнд хэдхэн байшин үлдсэн. Гуравдагч хөршид очиж байгаа та нар хүнд үед томилогдож байна. Гадаадад байгаа Монголчуудынхаа эрх ашгийн төлөө ажилларай. Монгол Улсаа зөв сурталчилмаар байна.

УИХ-ын гишүүн Б.Цогтбаатар: Г.Тэнгэр сайдад хандаад нэг санал тавимаар байна


 Зүй ёсны хүмүүсийг оруулж ирж байна.Гадаад бодлого улстөржилтээс ангид байдаг гэдгийг энэ томилгоо харуулж байна. Г.Тэнгэр сайдад хандаад нэг санал тавимаар байна. Японтой чөлөөт худалдаа байгуулсаны нэг жилийн ой болж байна. Нэг жилийн хугацаанд энэ хэлэлцээр ямар түвшинд хэрэгжсэн гэдгийг тооцож гаргамаар байна. Энэ асуудлаар Г.Тэнгэр сайд ажиллах хэрэгтэй.


УИХ-ын гишүүн Л.Болд: Бид сайн муу хүмүүсийг томилж байсан


Миний хувьд мөн адил энэ хүмүүсийг дэмжиж байна. Гэхдээ парламентаас сонгогдож байгаа бол ард түмэндээ хэлэх үгээ хэл. Бид сайн муу хүмүүсийг томилж байсан. Парламент бүрэн ойлголттой, итгэл үнэмшилтэй байж Элчин сайдыг томилох хэрэгтэй.


УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Буцах хүнээр ачаа бүү татуул гэдэг


Ерөнхийлөгч Элчин сайд нарын асуудлыг оруулж ирлээ. Ерөнхийлөгчийн хугацаа дуусаж байна. Буцах хүнээр ачаа бүү татуул гэдэг. Улс оронд хэрэгтэй зүйл гэхээсээ илүүтэй өөр зорилгоор хийнэ л дээ. "Элчин сайд нарын нөлөө дутаж байна, Том юм руу орж чадахгүй байна" гэж Ерөнхийлөгч ярьж байсан. Аятайхан юм ярьж байна гэсэн чинь хэвээрээ л байна. Улс орноо зөв сурталчлах хэрэгтэй, иргэддээ үйлчлэх хэрэгтэй. 


УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Улс орны нэр хүндэд халдсан зөрчил гаргавал өчиггүйгээр эргүүлэн татна шүү.


Гадаад харилцаанд улс төр оруулж болохгүй шүү. Ардчилсан намын идэвхтэн гишүүд байлаа ч гэсэн. Гадаад улсад очоод МАН-ыг муулах гэж байгаад хөрөнгө оруулагчдыг үргээх вий. Энэ асуудал дээр анхааралтай байгаарай. Хэрэв улс орны нэр хүндэд халдсан зөрчил гаргавал өчиггүйгээр эргүүлэн татна шүү.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Чадвартай хүмүүсийг оруулж ирсэн байна

 Монголын нэрийг гадаадад, тухайн оронд аваад явах чадвартай ийм хүмүүсийг оруулж ирсэн байна. Эдийн засаг хүнд байгаа энэ үед тухайн орны хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр сайн ажиллаарай гэж хэлмээр байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Unenii toloo
Uneheer europed oroh irehguigeer tamgaluulsan bol hil deerees butsaana, esvel boon uls toriin margaan uusgene shuu dee.
2017/05/27 87.211.48.158
  • Recent
  • Most Read
  • Most Comment