Өчигдөрийн байдлаар зам тээврийн ослын 240 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 9 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 6, унадаг дугуйтай холбоотой осол 1, мөргөлдсөн 13 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд явган зорчигч болон зорчигч хэлбэрээр 0-10 хүртэлх насны 3 хүүхэд өртсөн байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 60 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Тухайлбал:
- БЗД-ийн нутаг Эрдэнэтолгойн автобусны буудлын замд марк, улсын дугаар тодорхойгүй мотоциклийн жолооч нь явган зорчигч 66 настай Л-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан хэргийг Замын цагдаагийн алба шалгаж байна.
Орон нутагт:
- Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын нутаг аймгийн төвөөс 3 км-т асфальтан замд Зил-130маркийн автомашины жолооч И нь унадаг дугуй унаж явсан 17 настай Т-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Мөн СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргасан байна.
Зуны хамгийн гайхалтай цаг мөчүүд гэр бүл, найз нөхдийн аялал зугаалганаас эхэлдэг. Харин та болон таны гэр бүл энэ зун аюулгүй зугаалахад бэлэн үү? Танд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Нэгдүгээрт: Таны тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг сайтар шалгаарай.
Хоёрдугаарт: Өөрийн боло өөрийн хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж хамгаалах бүсийг тогтмол хэрэглээрэй.
Гуравдугаарт: Хэрвээ та бага насны хүүхэдтэй хамт явж байгаа бол түүний нас, биеийн өндөр, жинд тохирсон хамгаалалтын суудлыг заавал хэрэглээрэй.
Дөрөвдүгээрт: Гол анхаарлаа зөвхөн жолоонд хандуулаарай. Өөрөөр хэлбэл гар утас хэрэглэх болон бусад жолоочийн анхаарлыг сарниулах үйлдэл бүү хийгээрэй. Энэ нь таныг болон таны гэр бүл, найз нөхдийг эрсдэлд оруулна.
Тавдугаарт: Зуны улиралд хүмүүс мотоцикль, мопед, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцох нь их байдаг учир анхаарал болгоомжтой байж, тэднээс зай барих хэрэгтэй юм.