Өнгөрсөн гурав дахь УИХ-ын чуулганаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбаттай холбоотой санал суудлын наймааны талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нэлээд үгсэн хэлсэн. Б.Пүрэвдорж гишүүн хэлэхдээ “Ер нь төлбөр төлөөгүй, 60 тэрбумаа бүрдүүлэлцээгүй сайд огцорлоо л доо. Сонгууль дөхөж байгаа, Ардын намд мөнгө хэрэгтэй. Ж.Батсуурь сайдыг МУИС-ийн 20 хэдэн сая доллар, Энэтхэгийн арван хэдэн сая доллар, Хятадын 40-50 сая доллараар барилга барьж байгаа компаниудын шалгаруулалтаас мөнгө олоод ир гэсэн байх л даа. Ядарсан өвгөн чадахгүй л дээ. Та нар шиг биш. Авилгал авч сураагүй.
Ж.Мөнхбатын өрөөний хажуугаар би явдаг. Дандаа албан тушаал зарах асуудал тэнд яригддаг. Харин сүүлийн үед байхгүй болчихож. Ороод гарсан хүмүүс нь “Тэдэн төгрөг нэхэж байна, болохгүй байна” л гэж ярьдаг. Дээр нь Ж.Мөнхбат чи, энд хүнд хариуцлага тооцох асуудал ярьж суух ёсгүй. Чи нэг сайдынхаа нүүр рүү цохиж, оёдол тавиулчихаад, өөртөө хариуцлага тооцох тухай ярь л даа. Ийм ёс зүйгүй нөхдөөр Засгийн газраа бүрдүүлчихсэн шүү дээ" хэмээн хэлсэн юм.