8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, Монголын 5 бөх дэлхийн чансаанд эрэмбэлэгдсэн өдөр

2017-06-06 18:40:00

Тэртээ 1993 оны энэ өдөр  Монгол Улсын анхны ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Пунсалмаагийн Очирбат сонгогдож байсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Үүнээс 24 жилийн дараа буюу өнөөдөр Монгол Улс дараагийн Ерөнхийлөгчөө сонгох албан ёсны сурталчилгааны өдөр эхлэж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, МАХН-аас гурван нэр дэвшигч өрсөлдөхөөр сонгуулийн сурталчилгаагаа өнөөдөр эхлүүллээ. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам энэ тэндгүй улс төржилт явагдаж байна. Гэхдээ сонгууль болдогоороо болж, бидний амьдрал цаашаа үргэлжилнэ. Зарим хүмүүс өөрөө нэр дэвшиж байгаа юм шиг хэт их туйлшрах юм. Юу ч болж өнгөрсөн бай эвлэрэх орон зай үлдээ гэсэн мэргэн үг ч байдаг шүү дээ. Таны сонголт мэргэн байх болтгуай. Харин одоо та бүхэндээ өнөөдрийн мэдээллийг багцалсан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Халтмаагийн Баттулга: Нэгдэн нягтарсан Монгол Ялна

“МОНГОЛ ЯЛНА”
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД 
АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧ 
ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ХЭЛСЭН ҮГийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Хэнтий аймаг. 
2017 оны 6 дугаар сарын 6                                 
Монголчуудаа,
Ахан дүүсээ,  
Мэргэн сонгогчид оо! Үеийн үед Монгол Улсын үндэс язгуур, эзэн сүлд нь болсон Та бүхнийхээ амар амгаланг айлтгая. Эзэн Чингис хааныхаа өлгий нутгаас сонгуулийнхаа сурталчилгааг ийнхүү эхлүүлж байгаадаа баяртай байна. 
Монгол Улсын минь тусгаар тогтнол, газар шороо, монгол хүн бүрийн сайн сайхан ирээдүй бол миний сэтгэл, оюуны эх ундарга, эрчим хүчний дуусашгүй эхлэл юм. Та бүхний итгэл, дэмжлэг байхад би зоригтой, хүчтэй, шантаршгүй байх болно. 


Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль улс орны цаашдын хувь заяаг тодорхойлох эгзэгтэй сонголтын уулзварт биднийг авчирлаа. Туурга тусгаар, эрх чөлөөт улсын иргэд байх уу, 27 жилийн өмнөх гашуун түүхийг давтан бусдаас эдийн засаг, улс төрийн хэт хамааралтай, дагуул улсын гачлант иргэд байх уу гэдгээ шийдэх хүнд хэцүү сонголтыг хувь тавилан, цаг үеийн сорилт бидэнд тулгаж байна. 
Хүн гүрний үеэс омог бардам, хүчирхэг түүхээ бүтээж, эрх чөлөөг эрхэмлэн ирсэн чин зоригт өвгөдийн удам гэдгээ бид цаг үргэлжид санаж явдаг. Эх оронч дээдсийнхээ Та бидэнд халуун амь, бүлээн цусаараа өвлүүлж үлдээсэн Тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулах, хөгжил дэвшлийн тулгуур болгохын төлөө чадах бүхнээ зориулан тэмцэхээ Та бүхнийхээ өмнө би андгайлж байна. 


Миний хүсэл бол монгол хүн бүрийн хүсэл юм. Өнөөдөр эрх чөлөө, Тусгаар тогтнолоо баталгаажуулж, эдийн засгаа бэхжүүлэх цаг үеийн сонголт, ард түмний даалгавар надад оногдлоо. Би түмэн олныхоо итгэлийг хөсөрдүүлэлгүй, Тусгаар Монгол Улс, эрх чөлөөт монгол хүний төлөө эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлж байна. Улс оронд төрийн завхрал, эдийн засгийн уналт нүүрлэж, ард иргэдийг хавчин туйлдуулж байна.
Ард түмэндээ сонгуулиар өгсөн сайн сайхан амлалтаасаа сонгогдсоныхоо маргааш л гэнэтхэн ухарч, амлалтынхаа эсрэг зүйлсийг хуульчилж, улс орныхоо эдийн засгийг харийнхны мэдэлд шилжүүлж байна гэдэг бол энэ төр улсаа боддоггүй, шударга ёсыг завхруулж байгаагийн шинж. 
Иргэдээ “их өр”, “зээлийн дарамт” гэх хоосон айдсаар айлгаж сонгогдсон эрх баригчид одоо тэр айдсаа өөрсдөө жинхэнэ утгаар нь бүтээж, улс орноо дааж давшгүй өрийн барьцаанд оруулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

М.ЭНХБОЛД: Би улс үндэстнээ эвдрүүлэн талцуулагч биш, ЭВЭЭР НЭГТГЭГЧ Ерөнхийлөгч байна

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Өнгөрсөн жилийн сонгуулийн амжилт бол хямралыг ялаарай гэж ард түмнээс бидэнд өгсөн үүрэг даалгавар юм. Унаж уруудаж байсан хямралыг бид аргамжин тогтоож чадлаа.Удахгүй бид хямралаас гарна. Улмаар дахин дахин хямрахгүй байх дархлааг бүрдүүлнэ. Ингэснээр иргэн нь баян, эрүүл саруул, эрдэм боловсролтой, айх аюулгүй Монгол болно. Хүүхэд залуус маань хөгжих орчин, хүсэл мөрөөдлийг нь дэмжих төртэй байх ёстой. Эмэгтэйчүүдээ энэрдэг, ахмадаа асардаг, ядруугаа тэтгэдэг монгол ёсоо дээдэлнэ. Эрүүл саруул, эрдэм боловсролтой монгол хүн л Монгол бахархлыг бүтээж чадна. Тиймээс Монголдоо иргэнээ дээдэлсэн, дэлхийд Монголоо өргөсөн Ерөнхийлөгч байна” хэмээн нээлтийн үгэндээ онцоллоо.

Монголын 5 бөх дэлхийн чансаанд багтлаа

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) өнгөрсөн дөрөв, тавдугаар сарын болсон тэмцээнийг нэгтгэн дэлхийн чансааг гаргажээ. Дөрөвдүгээр сард Болгарын Дан Коловын нэрэмжит тэмцээн, “Монголиа Опен” ОУТ, тавдугаар сард болсон тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг үндэслэн эрэгтэй бөхчүүдийн чансааг гаргасан. Энэ удаа манай улсын таван бөх чансаанд багтав.

Дэлхийн чансааг гаргаж эхэлснээс хойш 65 кг-ын жинд багтаж байгаа гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран таваас дөрвөн байр ухарч есд бичигдсэн. Түүнчлэн 74 кг-д олон удаа эхний 20-д бичигдсэн гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат хуучин жиндээ чансаанаас хасагдсан ч 86 кг-д Шинэ Делид болсон Азийн АШТ-д хүрэл медаль хүртэж, “Монголиа Опен”-д түрүүлснээр 15 дугаар байрт орж ирэв. Түүнчлэн 57 кг-д Дан Коловын нэрэмжит ОУТ-д түрүүлсэн гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр тав, Азийн АШТ-д үзүүрлэсэн ОУХМ Занданбудын Занабазар 10, 125 кг-д тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн Нацагсүрэнгийн Золбоо 18 дугаар байрт орсон. Эднээс ОУХМ З.Занабазар дэлхийн чансаанд анх удаа багтаж байгаа юм.

Сонгуулийн сурталчилгааны талаарх хөгжилтэй жиргээ

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр улс орон даяар эхэлсэн билээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар нэр дэвшиж буй юм.

Ингээд сонгуулийн сурталчилгаатай холбоотой хөгжилтэй жиргээг хүргэж байна. Энд дарж үзнэ үү. 

Фэйсбүүкийн нийтлэлээсээ болоод Харвардад суралцах эрхээ хасуулжээ

Нэр хүндтэй Харвардын их сургуульд элсэн суралцах эрхээ аваад байсан 10 элсэгчийг тус сургууль хүлээж авахгүй болж, шийдвэрээ цуцалсан тухай Harvard Crimson сайт өчигдөр мэдээлжээ. Учир нь Харвардын шинэ оюутнуудын мэдээлэл солилцдог Фэйсбүүк бүлэгт бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн аллага, Холокостын сэдэвтэй зураг солилцож, тийм агуулгатай зураг ашиглан бие биеэ тохуурхах зэргээр харилцаж байсан нь баримтаар ил болсон учраас ийнхүү шийдвэр гаргасан байна. Тус сургуулийн дотоод дүрэмд шинэ элсэгчдийн төлөвшил, ухамсар, ёс зүйн байдлаас хамааран элсүүлэхээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг аж.

Анхаар: Могойд хатгуулсаны улмаас амиа алджээ

Өмнөговь аймагт нэгэн эмэгтэй могойд хатгуулсаны улмаас амиа алдсан хэрэг өчигдөр гарсан байна. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээгээ даагаагүй байна.
Өчигдөр тус  аймгийн БОЭТ-ийн хүлээн авах тасагт Мандал-Овоо сумын харьят 28 настай эмэгтэй О нь могойд хатгуулсан гэж ирээд нас барлаа гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөний дагуу цагдаагийн алба хаагчид шалгаж байна.

Ц.Нямдорж: Намайг явж байна гэж бодоод түүнийг дэмжээрэй, саналаа түүнд өгөөрэй

Тусгаар тогтнолын ордонд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сурталчилгааны нээлт болсон. Уг нээлтэд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж оролцож үг хэллээ. Тэрбээр “Миеэгомбын Энхболдод олон сайхан зан чанар бий. Гал алдаж алдаж өрөөнд нь яваад ороход инээгээд сууж байдаг хүндээ. Тэгээд бид нар ярьдаг байхгүй юу “М.Энхболдын энэ хүлээцтэй, тэвчээртэй зан чанар хаанаас гараад байна вэ” гэж. Тэгэхэд нэг хүн надад хэлж байсан юм.

“М.Энхболдод Ж.Самбуу даргын нэг юм яваад байдаг юм” гэж. Мөн эцгийн талын тэвчээртэй зан чанар бас байдаг байх шүү. Монголчууд бид самруулж боллоо. Найман жил самрууллаа. Одоо хангалттай. Тулхгүй, ноён нуруугүй хүн Төрийн тэргүүн болбол яаж самардагийг бид хангалттай харлаа. Одоо ноён нуруутай, түшиг тулгууртай хүн Төрийн тэргүүн болох ёстой. Миеэгомбын Энхболд дарга Төрийн тэргүүн болох ёстой. Намайг дэмждэг, надад итгэдэг монголын мянга мянган ард түмэн бий. Би дахиад хичээнгүйлэн гуйя. Миеэгомбын Энхболд даргыг намайг явж байна гэж бодоод монголчууд минь дэмжээрэй, саналаа түүнд өгөөрэй. Монгол түмний минь буян заяа мөнхөд өөдөө байг. Баярлалаа Та бүхэндээ” хэмээсэн юм.

Бөхчүүдийн чансааг аймгийн арслан О.Хангай тэргүүллээ

Монголын Үндэсний бөхийн холбооноос улс, аймгийн цолтой бөхчүүдийнхээ чансааг шинэчилэн тогтоосон байна. Тус чансааг шинэчлэн тогтоохдоо  Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас Монгол Улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх нийт 10 барилдааны дүнг хамруулжээ. Энэ удаагийн чансааг сүүлийн хоёр барилдаанд дараалан түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай тэргүүллээ. Харин дэд байрт улсын арслан Н.Батсуурь орсон бол харцага Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан нар дараалсан байна. 

Монголд угсарсан анхны галт тэргийг энэ сарын 10-нд хүлээлгэн өгнө

Монгол инженерүүдийн угсарсан анхны галт тэргийг энэ сар 10-ны өдөр хүлээн авна. Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Экологи бус” ХХК-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, Зүүнхараа дахь ачааны вагоны засварын баазыг түшиглэн галт тэрэг угсрах ажлаа өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн байна.

Одоогоор вагонуудад нэмэлтээр суурилуулах зангилаа эд ангиудыг угсарч дуусаад, будаж байгаа аж. Монгол инженерүүдийн угсарсан ачааны галт тэрэгний даац 72 тонн, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, 120 км/цаг-ийн хурдтай юм. Цаашлаад төслийн хүрээнд эх орондоо ачааны вагон угсрах үйлдвэрийн шугам байгуулж, дотоодын хэрэгцээгээ хангахаар төлөвлөж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment