Хэдхэн хоногийн дараа Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль болох гэж байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль "Эх орон тусгаар тогтнолын үнэтэй сонгууль болж магадгүй" хэмээн хэлсэн нь олон нийтийн анхаарлыг маш их татсан. Түүний хэлсэн энэ үг манай улсын улс төр, нийгэм, эдийн засаг ямар байдалд хүрсэнийг шууд илтгэнэ. Тийм ч учраас хэдхэн хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд та бүхэн идэвхитэй оролцож, сонголтоо зөв хийхийг дахин сануулж байна. Монголчууд бид хэлдэг биш хийдэг,эх орон, ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө тууштай ажиллах чин хүсэлтэй,зоригтой шийдвэр гаргах тийм л Ерөнхийлөгчийг бид хүсэж байна. Ингээд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын мөрийн хөтөлбөрийг танилцуулж байна. Мөрийн хөтөлбөртэй сайтар танилцаж сонголтоо зөв хийхийг уриалж байна. Аль нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр ажил хэрэг болох боломжтой вэ. Ерөнхийлөгч болсоныхоо дараагаар мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадах уу.
1. Мянганаар өртөөлсөн Монгол үндэстний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилт, өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч байна.
2. Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.
3. Экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Эх оронч Ерөнхийлөгч байна.
4. Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн бүтээнэ.
5. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд төрт ёсны оршин тогтнолыг чандлан хамгаалж, талцал, хуваагдлын эсрэг эвлэрэн нягтарсан, хүчирхэгжин мандсан, эв нэгдэлтэй Монголын төлөө манлайлан ажиллана.
6. Шударга ёсыг тууштай сахиулж, хүний эрхийг дээдэлнэ.
7. Монгол хүний оюуны үнэ цэнэ шингэсэн туурвил, бүтээлийг бодитой үнэлэх, түүний үнэлэмжийг нэмэгдүүлсэн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих;
8. Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, мэдлэгт суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэх бүх санаачилгыг дэмжих
9. Иргэн бүрт эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор олон улсын жишигт нийцсэн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төвүүдийг бүсчлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, санаачилгыг дэмжих
10. Аливаа төрлийн өвчлөлийг бууруулах, өвчлөлийн тэргүүн эгнээнд буй хавдар, зүрх судасны өвчнийг эрт оношлох, халдварт болон халдварт бус өвчний эрсдлийг бууруулах, эрүүл амьдрах хэв маягийг түгээн дэлгэрүүлэх аливаа үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү
МАН-аас нэр дэвшигч М.ЭНХБОЛД: Хорт хавдрын эс бүрийг суга татан хаяхаас өөр эмчилгээ байхгүй хэмээн хатуу тэмцэнэ
1. Нийгмийн оюун санааны нэгдмэл байдлыг баталгаажуулах, эв нэгдэл, итгэлцэл, ёс суртахууныг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, үндэсний эв эеийг бэхжүүлэх үзэл санааг мөрдлөг болгоно.
2. Үндэсний бахархал, эх оронч үзлийг үнэт зүйлээ болгосон иргэн төлөвшүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.
3. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын тэнцвэртэй, харилцан ойлголцсон улс төрийн зөвшилцөлийг хуулийн хүрээнд хангана. Иргэний нийгмийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана.
4. Төрийн бодлого, үйл ажиллагаанд улс төр бизнесийн явцуу бүлэглэл нөлөөлөхийн эсрэг тууштай зогсож, ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавина.
5. Үндэсний уламжлалт арга барилд тулгуурлан хүүхдийг монгол хүн болгон төлөвшүүлэх дүрэм боловсруулж, мөрдлөг болгох зарлиг гаргана.
6. Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй аливаа хуулийн зохицуулалтуудыг залруулна. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан, хараат бус, мэргэшсэн сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана.
7. Үндсэн хуулиа ард түмнээсээ асууна
8. Авлигын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгана. Авлигын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлсэн бол төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасна. Авлига бол манай нийгмийн хорт хавдар. Хорт хавдрын эс бүрийг суга татан хаяхаас өөр эмчилгээ байхгүй хэмээн хатуу тэмцэнэ.
9. Иргэдэд ялгавартай хандаж, хүний эрх зөрчсөн, мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон бүх шатны шүүгч, прокурор болон бусад холбогдох албан тушаалтанд оногдуулах хариуцлагыг чангатгах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
10. Хүүхэд багачуудыг үндэсний соёл, монгол дархлаатай иргэн болгон хүмүүжүүлэх, чөлөөтэй уран бүтээл туурвих, шинэ технологитой танилцан бодит сургалтад хамрагдаж, туршлага хуримтлуулахыг дэмжинэ. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү
1. Өнөөдөр хариуцлагагүй төр , Ард түмнээ боддоггүй төр засаглаж байна. Эрх мэдэл, мөнгө хоёр холилдож төрийн үйл ажиллагааны гажуудлыг бий болгож байна.
2. Монголд хариуцлагатай төр засгийг бий болгохгүйгээр ажилгүйдлийг арилгаж, ядуурлыг бууруулж чадахгүй. Үүнийг шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ.
3. Гадаадын оффшор дансанд байрлуулсан олон тэрбум ам.долларыг Монголд буцаан авчрах ёстой. Олигархиуд болоод оффшорчдыг халхавчлан хамгаалж, өөгшүүлэн давруулж буй өнөөгийн тогтолцоог өөрчилж, төр засгийн хүнд суртлын гинжийг тас цохих хэрэгтэй байна.
4. Монголын ард түмэн бол миний дээд шүтээн. Өнөөдөр улс төрийн намууд худал хэлж, хоосон амалж, ард түмнээрээ эрээ цээргүй тоглож, тархи толгойг нь дэндүү ихээр угааж байна. Монголын ард түмний амин эрх ашиг, Монгол Улсын үндэсний эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэж, эрх чөлөөг баталгаажуулна.
5. Монгол хүн Монголдоо жинхэнэ эзэн нь байна. Энэ бол Монгол орныхоо байгалийн баялагт эзэн суух ёстой гэсэн үг. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгөхийг зорих нь эх оронч үзэл мөн.
6. Бидэнд Монголоо хөгжүүлэх төлөвлөгөө, ард түмнээрээ хэлэлцүүлэн баталж хэрэгжүүлэх, ирээдүйн Их Монголыг бүтээх Үндсэн хуулийн цогц төсөл бий.
7. Монголын нийгэм дэх чинээлэг дундаж давхаргын тоо хэмжээг нэмэгдүүлж,үндэстэн ястны хөгжин цэцэглэх баттай суурь мөн гэдэгт итгэн тэмүүлцгээе!
8. Хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, хот суурин газрыг үндэсний үйлдвэрлэлийн цогцолборууд болгон хөгжүүлцгээе!
9. Монголоороо бахархаж Монгол Улсаа хамтдаа хөгжүүлцгээе.
10. Та бидний, бүх монголчуудын хөгжлийн их аян юм. Эх орны минь жаргалын замын эхлэлийг тавих Их аян юм. Энэ их аяныг, Монголын хөгжлийн “Мянганы их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлцгээе. Монголчууд улс эх орныхоо жинхэнэ эзэд нь болно. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өсч нэмэгдэнэ. Монгол Улс түргэн хурдацтай хөгжинө, тусгаар тогтнол нь бэхжин батжина. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү