Ференц Пушкашийн нэрэмжит академид 2016 онд суралцахаар Унгар улсыг зорьсон Монголын дөрвөн хүүгийн нэг Г.Ганбаяр Пушкашийн академийн багийн өмсгөлтэй “Сузуки кап” тэмцээнд ур чадвараа сорьж байна. “Сузуки кап” тэмцээнд “Байерн Мюнхен”, “Реал Мадрид” гэсэн шилдэг клубүүдийн 17 хүртэлх насны багууд оролцож байна. Г.Ганбаяр “Пушкашийн академи”-ийн багийн хамтаар өнгөрсөн баасан гаригт “Сузуки цом”-ын эхний тоглолтоо “Байерн мюнхен”-тэй хийлээ. Европ тивийн төдийгүй дэлхийн шилдэг клубийн багтай “Пушкашийн академи”-ийн хөвгүүд тун сайн тоглолтыг үзүүлэн, хоёрдугаар үеийн дунд хүртэл гоолгүй эн тэнцүү тоглов.
Сүүлийн хагасын 72 дахь минутад Г.Ганбаяр сэлгээгээр орж ирсэн нь Монгол хөлбөмбөгчин дэлхийн хэмжээний тоглолтод оролцсон түүхэн үйл явдал боллоо. Түүнийг талбайд гараад долоон минутын дараа “Пушкашийн академи”-ийн тоглогч Тимари Норман торгуулийн талбайн гаднаас гоол оруулан, баг нь 1:0-ээр хожжээ.