Сургуулийн захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй, зарим багшийн ур чадвар муу зэрэг үндэслэлээр 116 дугаар сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан. Мөн хэвлэлийн бага хурал хийн сургуульдаа үүсээд байгаа асуудлын талаар ч нийтэд хандсан юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат сурагчдын гомдол үндэслэлтэй эсэхийг тогтоох Ажлын хэсэг байгуулж, ажилд нь оруулан, дүгнэлтээ Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд даалгасан байна. Гомдол үндэстэй бол захирал, холбогдох багш нарт хариуцлага тооцно гээд Ажлын хэсэг аль нэг талыг барьж ажиллахгүй байхыг онцгойлон анхааруулжээ.