УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Автомашины онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан гол асуудал нь хос тэжээлт автомашины орлогын албан татварын хэмжээг 0-50 хувь болгож, тус зохицуулалтыг нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас хийж байхаар тогтох мөн тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хос тэжээлт автомашины татварын нэмэгдлийг буцаан олгох зохицуулалтууд байгаа юм.
Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр нэмэгдсэн татварын буцаан олголтыг гурван нөхцөлтэйгөөр эргэн төлнө гэж мэдээллээ.
Үүнд, хуулийн төсөл батлагдах хүртэлх хугацаанд импортолж ирээд онцгой албан татвар төлсөн тохиолдолд буюу оруулж ирсэн иргэн, компани болон худалдан авсан хувь хүнд буцаан олголт өгөх зохицуулалттай байна.
Энэхүү ажилд ойролцоогоор нэг тэрбум төгрөг зарцуулна гэж хуулийн төсөлд тусгасан байна. Эдгээр заалтыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжиж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр шилжүүллээ.