2014 оны дөрөв дүгээр сарын 29-ны өдөр урлагийн сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болсон “Шинэ үе” продакшны залуу эмэгтэй жүжигчид маргалдан улмаар нэг рүүгээ буцалсан халуун ус цацаж түлсэн ноцтой хэрэг гарсан. Өмнө нь монголын түүхэнд битгий дэлхийн түүхэнд олны танил эмэгтэйчүүд нэг нэг рүүгээ буцалсан халуун хийсэн тохиолдол гарч байгаагүй.
Энэ үйл явдалаас хойш жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул хоёр он дамнан маргалдаж, шүүхэлцсэн. Улмаар эцэст нь 2015 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр Дүүргийн эрүүгийн анхан шатны хоёрдугаар шүүхэд Ц.Алдармаа болон Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал болж Ц.Алдармаад шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Мөн үүнээс гадна шүүхийн шийдвэрэээр хохирогч Д.Оюунтуулын эмчилгээний зардал болох 35 сая төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Ийн шүүхийн шийдвэр гарч аймшигт хэрэг намжаад байсан. Тэгвэл өнгөрсөн даваа гаригт жүжигчин Ц.Алдармаа нэгэн нэвтрүүлэгт оролцсоноор уг хэргийн маргаан дахин дэгдэж эхэллээ. Учир нь Жүжигчин Ц.Алдармаа энэ үеэр Д.Оюунтуулд 25 сая төгрөг өгсөн. Одоо 35 сая төгрөг нэхэмжилж байгаа талаар ярьж, цахим ертөнцөд шуугиан дэгдээгээд байна. Энэ талаар Ц.Алдармаа болон Д.Оюунтуул нарын байр суурийг хүргэж байна.
Жүжигчин Ц.Алдармаа “Энэ хэргийн тухай бодоход хэцүү байдаг. Д.Оюунтуул эгч бид хоёр 9 жил тасралтгүй найзалсан. Намайг халуун ус цацтал, шидтэл юм хийнэ гэдэг бол өөрөө аймшигтай зүйл л дээ. Би өөрийгөө яагаад ийм хэрэг хийсэн юм болоо гэж өөрөөсөө их асуудаг. Маш хүнд байдаг. Энэ нэвтрүүлэгт оролцсоноороо хэн нэгнийг зөвтгөх, буруутгах гэсэнгүй. Намайг дэмждэг бүх хүмүүсээс уучлалт гуймаар байна. Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрйин дагуу Д.Оюунтуул эгчийг Солонгос явуулж эмчлүүлэх 25 сая 500 мянган төгрөг өгсөн байгаа. Дараа нь давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэгээд би 2 жилийн тэнсэн харгалзах ял аваад бүх юм дууссан гэж бодож байтал дахиад мөнгө нэхэмжилж байгаа. Хуулиараа төлөх ёстой гэж гарсан. Одоо энэ мөнгийг төлөх боломжгүй байгаа ч ажилдаа эргэн орж байгаад мөнгийг нь төлнө гэсэн бодол байна. Бүх юм хуулийн дагуу явж байгаа. Энэ хэрэг явдал гарсаны дараагаар зөндөө уулзалдсан. Уулзалдаж байхад Д. Туул эгч шүүхээр л явна гэсэн.
Жүжигчин Д.Оюунтуул Ц.Алдармаа хэрэг явдал гарсанаас хойш надаас ганц ч удаа уучлалт гуйгаагүй юм шүү дээ. Гэтэл чухам яагаад тэгж худал ярьсанд нь гайхаж байна. Уг нь эрүүл мэндээ бодсон ч тэр. Асуудалд тайвнаар хандаж, хуулийн дагуу арга хэмжээ авья гэж бодож байсан юмсан. Гэтэл үүнээс болоод бие тавгүйрхэж, стрессдэж эхэллээ. 35 сая төгрөг нэхэмжилсэн гэж яриад байгаа нь үнэндээ шүүхийн шийдвэр. Би зургаан удаа Солонгост очиж эмчлүүлсэн. Тэр бүхнээс ганцхан удаагийн зардлыг нь Ц.Алдармаа гаргасан байхгүй юу. Үлдсэн таван эмчилгээнийхээ зардлыг олох гэж нэлээд асуудалтай явсан нь үнэн. Зургаа долоон сарын дараа шүүх эмнэлгийн үзлэгт ороход мэдээж хэрэг шарх сорвины маань тал хувь нь эдгэчихсэн байсан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэдийд, хэрхэн эмчлүүлсэн, хэр хэмжээний мөнгө зарцуулсан зэрэг нь тодорхой баримттай байгаа. Энэ бүхэн дээр үндэслэн шүүхээс эмчилгээний зардалд зарцуулсан 35 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан. Би одоо хүртэл эмчлүүлж байгаа. Гэхдээ тэр хүн ч гэсэн ажлаа хийгээд асуудлаа ингээд нэг тийш нь шийдчихэж болох л байсан. Харамсалтай нь гэнэт л янз бүрийн яриа гаргаж, бодит байдлаас огт өөр зүйл хэлэх болсонд нь гайхаад барахгүй юм. Ямар ч байсан, тун удахгүй хэвлэлийнхэнд албан ёсоор хандана” гэсэн байр суурь илэрхийллээ. Тун удахгүй Жүжигчин Д.Оюунтуул баримттай үнэнийг хэвлэлийнхэнд дэлгэнэ гэсэн юм.