Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хөдөө орон нутагт ажиллаж байна. Ард иргэдийн зүгээс энэ удаагийн гурван нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй сайтар танилцаж, сонголтоо хийнэ гэсэн байр суурьтай байна. Өдрөөс өдөрт манай улсын дундаж давхаргын орлого буурч, ажилгүйдэл, ядуурал хэрээс хэтэрч байна. Жилийн өмнө бүтэн талх аваад иддэг байсан бол өнөөдөр тал талх авч идэж байна. Дунджаас доогуур орлоготой иргэд бүр тал талхыг хувааж авч байна. Монголын нийгэм ийм л хүнд нөхцөлд байна. Ийм эгзэгтэй хариуцлагатай цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа билээ. Тийм учраас ард түмэн нэр дэвшигчдээс амлалт, мөрийн хөтөлбөрийг сайтар харж байгаа юм. Мөрийн хөтөлбөр бол нэр дэвшигчдийн сонгогчдоос оноо авах хамгийн том боломж. Харин нэр дэвшигчид Эдийн засгаа хэрхэн сэргээх талаар мөрийн хөтөлбөртөө юу гэж тусгасаныг хүргэе.
Х.Баттулга: Эдийн засгаа сэргээж, Эх оронч Ерөнхийлөгч байна
Нэр дэвшигч Х.Баттулга Эдийн засгийнхаа бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох бодлого хэрэгжүүлж, инновацид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгон, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тэргүүн зэргийн ач холбогдол өгч ажиллана хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Мөн Х.Баттулга 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр УИХ-ын 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг дэмжин ажиллана гэсэн байна. Үүнд:
3.1. Монгол Улсынхаа эдийн засгийн бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох замаар өрсөлдөх чадварыг сайжруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амжиргааны чанарыг сайжруулахын тулд Монгол Улсын төрөөс нэн тэргүүнд анхаарах ёстой чухал чиглэл бол аж үйлдвэржилт хэмээн үзэж энэ чиглэлд онцгой анхаарал тавина.
3.2. Аж үйлдвэрийн хөгжилд ээлтэй банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогыг дэмжинэ;
3.3. Монгол Улсын аж үйлдвэрийн бүтцийг зохиомжилж, хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо дундаж давхаргын иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх талаар онцгойлон анхаарч, хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын төлөө ажиллах;
3.4. Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын зөрчилдөөний талбар болгохоос сэргийлж, баялгийг хууль бусаар өмчлөх аливаа үйлдэл эс үйлдэхүйтэй тууштай тэмцэж, эрх зүйн орчин бүрдүүлэх;
3.5. Байгалийн баялаг ашигласнаас олох орлогыг тусгай санд хуримтлуулан уул уурхайн бус салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд зарцуулах бодлогыг санаачилж эрх зүйн орчин бүрдүүлэх;
3.6. Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгийг тэгш, шударгаар эзэмших, хувь хүртэх, үр өгөөжийг нь ашиглах боломжийг хуулиар хамгаалах бодлого, үйл ажиллагаа, санал, санаачилгыг дэмжих;
3.7. Монгол Улсад ган хайлуулах, зэс хайлуулах болон нефть химийн үйлдвэр бүхий аж үйлдвэрийн парк байгуулах, түүнийг дагасан боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх аж үйлдвэржилтийн хөрөнгө оруулалт, мега төслүүдийг дэмжих;
3.8. Монгол Улсын эдийн засаг дахь “Хүрэн эдийн засаг”-ийн хувийн жинг тогтвортой бууруулж, байгальд ээлтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, нөхөн сэргээлт хийх бүрэн боломжтой, ил тод, хариуцлагатай уул уурхайг дэмжих;
3.9. Үндэсний аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн аливаа ашиг сонирхлыг зөрчсөн хайгуулын болон ашиглалтын лиценз олгох, олборлолт хийх хууль бус үйл ажиллагааг шийдвэртэйгээр эсэргүүцэж, таслан зогсоохын төлөө ажиллах;
3.10. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн чадавхитай ажиллах хүчний нөөцийг баялаг бүтээх үйлсэд татан оролцуулана гэж тусгасан байна.
М.Энхболд: Монголчууд бие биетэйгээ биш, хямрал хүндрэлтэй тэмцэж ялах ёстой
Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд “Манай Монгол бол эвдрэлцэх бүртээ уруудсан, эвлэх бүртээ өөдөлж мандсан түүхтэй. Улс гэрийнхээ маргаашийн төлөө монголчууд бид юу хийх ёстой вэ? Ирээдүй хэмээх нэгэн зүг рүү харж, хөгжил гэдэг нэг л оргилд хүрэх нь монгол хүн бүрийн хүсэл юм гэсэн байна. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө “Бид нэг түүхтэй, нэг зорилготой, нэг эх оронтой, нэгдмэл нэг үндэстэн. Нэг тэнгэрийн доор, нэгэн цаг үед амьдарч байгаа элгэн монголчууд бид эв саналаа нэгтгэн, хямрал хүндрэлийг хамтдаа давах болно. Одоо ам нийлж шүүмжлэх төдий бус гар сэтгэл нийлж ажиллах цаг. Өнөөдөр эвдэрч хагарах биш эвлэрч ойлголцох цаг.
Наян нэгэн уньтай, наранд өргөсөн тоонотой монгол гэрийг ганцхан хүн барьж чаддаггүй. Монголчууд бидний чин хүсэл, гэгээн зорилго, эв нэгдэл ямарч үгүйсгэлээс илүү, ямарч үгнээс хүчтэй билээ.
МОНГОЛЧУУД БИД БИЕ БИЕТЭЙГЭЭ БИШ, ХЯМРАЛ ХҮНДРЭЛТЭЙ ТЭМЦЭЖ ЯЛАХ ЁСТОЙ.
2016 онд ачааны хүндийг Ардын намд итгэж даатгасан ард түмэн маань ажлын үр дүнг ч Ардын намаас нэхэх болно. Энэ бол итгэл найдвар төдийгүй их хариуцлага, том даалгавар юм.
Энэхүү даалгаврыг би улс гэрийнхээ ТООНО, УНЬ, ХАНА, БАГАНА, ҮҮД гэсэн үндсэн таван хэсгээр төлөөлүүлж, “МОНГОЛ ТӨР-МОНГОЛ ГЭР” мөрийн хөтөлбөр болгон Танд хүргэж байна. Энэ тав нийлж байж голомтондоо галтай, хоймортоо эзэнтэй, уяан дээрээ морьтой, элэг бүтэн, туурга тусгаар МОНГОЛ болно.
Өндөр босготой, өлзийт хийморьтой “МОНГОЛ ГЭР-МОНГОЛ ТӨР”-ийн голомт ариун, хийморь өөдөө байх болтугай! Гэсэн байна.
Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар “Эзэн хүнд эрхэмлэх нандин зүйлс гэж байх учиртай. Энэ бол ам ажлын болоод үг ба үйл хэргийн нэгдэл юм. Хэлсэн бол хийдэг байцгаая” гэсэн мөрийн хөтөлбөртөө уриалсан байна. Мөн С.Ганбаатар хэлэхдээ “Өнөөдөр Монголд ам, ажил хоёр алд дэрэм зөрдөг болжээ. Хэлдэг атлаа хийдэггүй, ярьдаг атлаа хэрэгжүүлдэггүй байдал гэм биш зан болжээ. Энэ бол хариуцлагагүй, хамаг монголчуудаа боддоггүй төр засаглаж байгаагийн нэгэн шинж тэмдэг.
Өнөөдөр Монголд ажилгүйдэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Хөдөлмөрийн чадвартай хүн амын 20 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Ажил хайсан монголын залуус эх орноосоо дайжин гарч байна. Энэ бол аюулын харанга дэлдэж байна гэсэн үг.
Өнөөдөр Монголд ажилгүйдлийн гамшиг нүүрлэсэн учраас ядуурал монголын нийгмийг бүхэлд нь бүрхээд байна. Талхыг хэрчмээр, тос цөцгийг граммлаж авдаг, дэлгүүр хоршоонд иргэний үнэмлэх, даатгалын дэвтрээ барьцаа болгон үлдээдэг айл өрхийн тоо улам бүр олширсоор байна. Энэ бол манай өнөөгийн нийгмийн эмгэнэлт дүр зураг юм.
Монгол Улсаа, монголчуудаа гэсэн нэр нь, ажил нь, зорилго цэвэр, хариуцлагатай төр засгийг бий болгохгүйгээр ажилгүйдлийг арилгаж, ядуурлыг бууруулж чадахгүй.
Сайнхүүгийн Ганбаатар би үүнийг шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ. Шийдвэрлэж ч чадна” хэмээн хэлсэн байна.