Улс төрд тунчиг өнгөлөг гарч ирээд харамсалтайгаар албаа дуусгасан хүн бол “Хас”-ын хэмээх Ч.Ганхуяг юм. Нэг хэсэг талхны үнэ мэдэхгүй хэмээн шүүмжлэлийн бай болж байсан. Тодруулбал,
“Хас”-ын Ч.Ганхуягаас талхны үнийн талаарх сэтгүүлчийн асуултад бүдэрсэн нь ихээхэн дуулиан дэгдээсэн юм. Ингээд “талх” Ч.Ганхуяг гэсэн салшгүй имиж бүрдүүлсэн нэгэн.Тэгвэл саяхнаас Ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэнтэй холбогдуулж Ч.Ганхуягийг "өдөх" залуусын тоо нэмэгдсэн бололтой. Түүний талхны үнийг мэдэхгүй байсан талаарх яриаг сөхөж ярих болжээ. Харин Ч.Ганхуяг эл явдалд дараах тайлбарыг өгсөн байна.
Тэрбээр "Намайг баалах нэг юм байнаа. Түүгээр мөн ч их оролдох юм. Талхны үнэ мэдэхгүй ээ. Мэдэх шаардлага алга. Би 17-тойгоосоо улсад ажиллаж, татвар төлж эхэлсэн. Ганзагын наймаанд явсан. Хувиараа сургуульд сурсан. Төгссөн. Олонтойгоо хамтран олон компани байгуулсан. Намайг Хасын Ганхуяг гэдэг. Бидний байгуулсан банк Топ-100-гийн эхэнд яваа. Бид олон мянган хүний ажилтай хоолтой залгуулсан. Олон тэрбумыг татварт өгсөн. Төлсөөр ч байгаа. Монголын эдийн засгийг Азийн Чоно болгох мөрөөдөлтэй. Худал хуурмагийг тэвчдэггүй. Айж, дальдчиж, бултаж байгаагүй. Хэлэх үгээ хаана ч хэлээд ирсэн. Дэд сайд хий гэхэд нь очоод хийсэн. Гуйж авч байсангүй. Сонгуульд хоёр ч удаа дэвшсэн. Унасан. Өөрийн буруугаас. Гэхдээ бууж өгөөгүй. Үнэн ялдаг гэдэгт итгэдэг. Монголчууд бидэнд сайхан ирээдүй байгаа гэдэгт би итгэдэг. Надад зорилго бий. Надад зориг байна. Би зогсолтгүй ажиллаж чаддаг. Талхны үнэнээс цааш илүү үнэт зүйл надад бий. Өөр баалах юм ол. Наадахаар чинь намайг дийлэхгүй шүү" гэжээ.
Ч.Ганхуяг: "Талх"-аар намайг дийлэхгүй шүү
2017-06-12 09:41:29