Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайд асан Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсан гэдэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хариуцлага алдсан сайд гэвэл зөвхөн Ж.Батсууриар зогсохгүй. Он гарсаар Батлан хамгаалахын салбарт гурван цэрэг амиа алдсан байхад БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага тооцох талаар сураг ч дуулдсангүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Таван толгойн хээрийн сургуулилтын үеэр гранат дэлбэрч хоёр цэргийн албан хаагч нас барсан. Харамсалтай өнгөрсөн амралтын өдөр Тавантолгойн сургалтын төвд тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд зургаа дахь удаагийн марш тактикийн тэмцээн болсон.Тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан хэрэг гарлаа. Ийнхүү Тавантолгойн сургалтын баазад он гарсаар гурван албан хаагч амиа алдаад байна. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэргийн албан хаагчид энхийг цагт амиа алдсан нь сайдын алдаа биш гэж үү. Юуны өмнө БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг. Гэвч харамсалтай нь өнөөдрийг хүртэл танхимын тэргүүн нь чимээгүй суусаар л байна. Уг нь Ж.Батсуурь сайд асаны яамны шалгалтын хариу задарсан асуудал БХ яамны эрдэнэт хүний амь нас эрсэдсэн хэргийн хажууд дэндүү жижигхэн санагдаж байна. Хүний алтан амь эрсэдсэн байхад ямар ч өчиггүйгээр хариуцлага тооцох хэрэгтэй.
Энэ бүх мэдээллийн хажуугаар Батлан хамгаалах яамны дарга нар АТГ-т шалгагдаж эхэлсэн талаар мэдээлэл чих дэлсэж эхэллээ. Тодруулбал, Батлан хамгаалахын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр болон өөр нэгэн даргыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн жилээс цэргийн алба хаагчдад өгсөн хангалтын гутал, хувцас нь чанарын шаардлага хангахгүй байгаа нь дээрх дарга нар тендэр будилаантуулсантай холбоотой байж болзошгүй байгаа аж.
Өнгөрсөн жил мөн тус яамны нэр бүхий дарга нарыг АТГ шалгаж байсан. Тодруулбал тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, тус газрын орлогч дарга, хурандаа О.Нямчулуун нарын 2-3 хүнийг хандив тусламжийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, хувьдаа завшдаг байж болзошгүй хэмээн сэрдэж шалгаж байсан.
Гэвч тус хэрэг тэгсхийгээд намжсан. Энэ жил дахин тендертэй холбоотой хэргээр өөр дарга нарыг шалгаж эхэлсэн гэнэ. Энэ мэтчилэн саар мэдээлэл гарсаар байхад эрхэм сайд суудалдаа бат бөх гэгч нь сууж байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар төрийн өндөр дээд албан тушаалтандаа хариуцлага тооцож чаддаг сайн жишиг оруулж ирлээ хэмээн хоног шоудлаа. Хэрвээ энэ нь үнэн бол гурван цэрэг амиа алдаж, найман цэргийн албан хаагч хүнд шархдаж, цэрэгт явсан албан хаагч хөлөө тайруулсан гэдэг нь огцруулах хангалттай шалтгаан. Ядахдаа Б.Бат-Эрдэнэ сайдад салбарт нь онц байдал зарласан үед шууд гарч ирээд мэдээлэл хийж, хохирсон цэргийн албан хаагчийн ар гэрийнхнээс уучлалт гуйх ёс зүй ч алга. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат та Б.Бат-Эрдэнэ сайдыг огцруулахгүй юм бол амиа алдсан цэргийн албан хаагчдын амийг нэхье........