60 тэрбумын бичлэгийг цацсан гэх Д.Доржзодовын талаарх дуулиан шуугиан тасрахгүй байна. Хэд хоногийн өмнөөс ТЕГ шалгаж байна гэсэн мэдээлэл гарч байсан. Харин өнөөдөр өглөө Хан-Уул дүүргийн Оргил хотхон дахь байранд байхад цагдаагийнхан баривчлахаар очсон нь нэлээд шуугиан тарьлаа. Д.Доржзодов нь учирч болзошгүй эрсдлээс сэрэмжилж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт түр нуугдаад байсан аж. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт Д.Доржзодовыг саатуулахаар очиход түүний нөхөр “Би бол АНУ-ын иргэн. Тиймээс АНУ-ын элчин сайдын яаманд л зөвхөн тайлбар өгнө” хэмээн хаалгаа нээж өгөхөөс татгалзсан учраас саатуулж чадаагүй байна. Ингэснээр цагдаагийн албан хаагчид УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт нэвтрэх боломжгүй болсон аж.
Харин энэ талаар Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр "Цагдаа иргэн Г.Доржзодовын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтанд авсан байна. Ямар нэгэн баривчлах үйл ажиллагаа хийгдээгүй болно" хэмээн жиргэсэн.
Мөн Хошууч н.Энхболд “Иргэн Д.Доржзодовтой уулзсан, цагдаагийн байгууллага хүсэлтийг нь хангахаар ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгсөн. Тэрбээр хэлэхдээ ““Хэвлэл, мэдээллээр ташаа мэдээлэл гарч байна. Цагдаагийн байгууллага тухайн иргэний хүсэлтийг үндэслээд аюулгүй байдлыг хангах үүднээс хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд хамгаалалтад авахаар ирээд байна. Цагдаагийн байгууллагын зүгээс тухайн иргэнийг албадан баривчлах, саатуулах санаа зорилго байхгүй.
Зөвхөн энэ хүний эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд ирээд байна. Энэ бол УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн байр. Бид иргэн Д.Доржзодовтой уулзаж ярилцсан. Өөрийнх нь хүсэлтийг хангахаар ажиллаж байна. Дахин хэлэхэд үүнд хууль зөрчсөн албадлагын арга хэмжээ байхгүй” хэмээн хэлсэн.
Үүнээс гадна Д.Доржзодов гэгч залууг гэртээ түр орогнуулсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн байр сууриа илэрхийлжээ. "Г.Доржзодовыг хамгаалах газар байхгүй учраас манай гэрт очсон" гэсэн байна.. Тэрбээр энэ талаар "Ер нь Доржзодовыг хамгаалах газар олдохгүй байгаа шүү дээ. Хуулийн байгууллагынхан удаа дараа баривчлаад, гэр орноор нь мөрдөж мөшгөөд, хаа явсан газар нь мөшгөөд. Тахарын газар гээд гэрчийг хамгаалах ёстой газар нь татан буугдчихсан.Тэгээд Монгол Улсын иргэн ийм байдалд ороход хамгаалах газар Монголд байхгүй болчихоод байгаа. Би яг одоо Завханд сонгуулийн ажлаар явж байна. Нэг хэвлэлийн хуралд оролцох гээд явж байна. Доржзодов одоогоор манай байшинд нөхөртэй минь хамт байгаа. Надаас тусламж хүссэн юм. “Хамгийн түрүүнд хамгаалалт хэрэгтэй байна. Намайг хамгаалах газар олдохгүй байна. Хаа явсан газар хүмүүс мөрдөж мөшгөөд хамгаалах газар олдохгүй байна” гээд хандсан. Тэгэхээр нь би “Манайд түр байж бай. Сонгуулийн ажлаар явж ирчихээд хамгаалах газар олж өгье” гэж хэлсэн" хэмээжээ. Д.Доржзодов гэгч залуу сонгууль дуустал УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийнд байх бололтой.