8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: “Говь” ХК-ийн үйлдвэрт гал гарч, В, С вирүсийн шинжилгээ орон даяар эхэлж, Д.Доржзодовыг хамгаалалтанд авсан өдөр

2017-06-15 18:41:00

“Эрсдэлийг боломж болго” энэ өнөөдөр сонссон хамгийн сайхан үг. Эрсдэлгүй зүйл гэж үгүй. Аливаа зүйлээс гарч болох эрсдэлийг урьдчилан тооцоолсноор түүнийг боломж болгож чадвал эрсдэл нь боломж болох аж. Өнөөдөр магадгүй маргааш гарч болох эрсдэлийг та боломж болгож чадвал амжилт руу хүрэхэд нэг шат ахиж байгаагийн илэрхийлэл юм. Үдэш бүрийн энэ цаг мөчид улс оронд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

“АН2” онгоц осолдсон хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ

Өнөөдрөөс хэд хоногийн өмнө буюу зургадугаар сарын 02-ны өдөр Монгол инженерийн шинэчлэн угсарсан “ТВС-2МС” загварын онгоц үзүүлэх нислэг хийж байх үедээ буух зурваст ослын буулт хийсэн талаар мэдээлэл гарсан. “ТВС-2МС” загварын онгоц өмнө нь манай улсад ашиглаж байсан “АН-2” загварын онгоц бөгөөд бүрэн засвар хийж, шинэчилснээр олон талаар ашиглаж болохуйц хэмжээнд шинэчлэгдсэн гэж албаныхан мэдээлж байсан юм. АН-2 агаарын хөлгийн далавч их биед засвар хийж, АНУ-ын honeywell  компанийн таван алгатай сэнс тавьж, шинэчилсэн TBC-2MC агаарын хөлгийг ОХУ-ын Новосибирск хотын мэргэжилтнүүд бүтээсэн. Орос, Монгол мэргэжилтнүүдийн хамтран угсарсан гэх “АН-2 онгоцны шинэчилсэн загвар ТМС-2МС ямарч нөхцөлд бууж, суух боломжтой,ашиглалт сайтай зэргээрээ давуу талтай” гэж мэргэжилтнүүд онцолж байсан ч осолдсон хэрэг гарсан. Гэвч уг ослыг ИНЕГ-ын бүх дарга нар монголын иргэний агаарын тээврийн төрийн өмчит компанийн зүгээс хав дарж зүгээр л ослын буулт байсан гэсэн мэдээлэл хийсэн. Гэвч үнэн хэрэгтээ зүгээр нэг осол байгаагүй аж. Тус онгоц хөөрөөд 80 м өндрөөс доошоо унасан байна.  Уг онгоц анхнаас нисэх зөвшөөрөлгүй байсан бөгөөд гэнэт хэн нэгний тушаалаар уг онгоцыг нисгэхээр болсон аж. Олон хүний амь настай шууд холбоотой байхад ИНЕГ-ын дарга удирдлагууд хэнэггүй зан гаргаж тус онгоцыг нисгэсэн байна. Онгоцонд найман хүн сууж явсан ч азаар гэмтэж бэртсэнгүй. Гэхдээ гэмтэж бэртэх цаашлаад амь насаа алдах өндөр эрсдэлтэй байлаа.  Тус онгоц нь анхнаасаа нисэх зөвшөөрөлгүй ирсэн бөгөөд, агаарын нислэгт тэнцсэн онгоцны бүртгэл  дотор тус онгоцны нэр ч байхгүй байгааг ИНЕГ-ын албан ёсны хуудас руу ороод тус мэдээллийг харж болно.  Шаардлагагүй хангахгүй, нисэх зөвшөөрөлгүй онгоц нисгэвэл ямар үр дүнд хүрдэгийг бид өмнөх жишээнээс харж болно. 


Одоогоос 10 жилийн өмнө буюу 2007 оны 6 сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар ОБЕГ-ын Онцгой үеийн шуурхай удирдлагын газрын дарга, комиссар Д.Батбаатар, 15 гал сөнөөгч, нисэх багийн гурван гишүүн, нийт 15 хүн ослоор нас барсан аймшигт хэрэг гарч байсан. Тус осолдсон  МИ-8 нисдэг мөн нисэх зөвшөөрөлгүй байсан. Ийм гашуун үйл явдал өмнө нь гарч байсан. Энэ мөн л манай дарга нарын хариуцлагагүй зангаас болж олон аав, ээжийн хүүхдүүд эх орныхоо төлөө тэмцэж яваад халуун амиа алдсан юм. Энэ бол хүүхдийн тоглоом биш ээ. 


Зургадугаар сарын 02-ны өдөр Монгол инженерийн шинэчлэн угсарсан “ТВС-2МС” загварын онгоцыг нисэх зөвшөөрлийг хэн өгөв. Тэр хүн яг одоо албан тушаалаасаа шууд огцрох ёстой. Тухайн осол гарсан өдөр сошиалд идэвхитэй “жиргэдэг” Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Хөөрч чадаагүй гэдэг мэдээлэл ирлээ. Хүний амь нас хохироогүй. ОХУ-ын нисгэгч нар байсан байна. Шинжлэн шалгах баг ажилдаа оржээ” хэмээн жиргэсэн байсан. Уг нь салбарын дэд сайд жиргэж суухын оронд газар дээр нь очиж танилцаж, яагаад осолдсоныг тодруулж мэдээлэл хийх байлаа. Манай сайд дарга нар яаж ажлаа хийдэгийг энэ жишнээнээс л харж болно. Гэвч уг ослыг хав дараад өнгөрсөн. Энэ талаарх мэдээллийг ямар ч сэтгүүлчдэд өгч болохгүй гэсэн үүргийг  ИНЕГ-ын дарга нар доор албан тушаалтанууддаа өгсөн байна.Тэгвэл  “АН2” онгоц осолдсон хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ 

Жилд 10-аад тэрбум төгрөгийн татвар төлдөг Говь ХК-ийн үйлдвэр шатлаа

Хан-Уул дүүрэгт байрлах ууган үйлдвэр  “Говь” ХК-ийн байранд гал харамсалтай хэрэг өчигдөр гарлаа. Тус галын  дуудлага нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр оройны 22.46 цагт ирсэн байна. Галын дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын 200 гаруй албан хаагч 11 анги нэгтэл бүтэн 10 цагийн турш ажиллаж үүрийн 05.00 цагийн үед галыг бүрэн унтрааж дууслаа. Галын дууддага авсан даруйд анх Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажилласан аж. Үүний зэрэгцээ Ус сувгийн удирдах газар болон Хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг дайчилсан ажилласан байна. 

“ГОВЬ” ҮЙЛДВЭРИЙГ ЯПОНЧУУД ДАЙНЫ ТӨЛБӨРТ БАРЬЖ ӨГСӨН


Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж байсан түүхтэй. Япончууд дайны төлбөрт барьж өгсөн гэдэг. Тус үйлдвэр байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл  30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. “Говь” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг 2007 оны 7 сард “ЭФ СИ АЙ” ХХК Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар “Говь” ХК өнөөг хүртэл хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор багтдаг. Тус үйлдвэр жилдээ  1100 тн түүхий ноос, ноолуур 30 тн бөмбөгөн ноос, ноолуур 210 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай ба түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм. Компанийн хөрөнгө 122 тэрбум төгрөг бөгөөд жилд 70 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 10-аад тэрбум төгрөгийн татвар төлдөг томоохон аж ахуй нэгжийн нэг юм. 

Нас барсан хөвгүүдийн ар гэрт эмгэнэл илэрхийллээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн төгсөгчид өчигдөр Ерөнхий Эрдмийн Шалгалт өгөхөөр явж байгаад авто тээврийн осолд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан.

Ослын улмаас жолооч болон гурван хүүхэд амь насаа алдсан бөгөөд эдгээр гурван хүүхдийн хоёр нь Дорноговь аймгийн идэрчүүдийн шигшээ багт тоглодог хөлбөмбөгчин хүүхдүүд байсан юм. Эдгээр өдрүүдэд “Өсвөрийн УАШТ”-нд өрсөлдөж байгаа Дорноговь аймгийн 13 хүртэлх насны хөвгүүд өнөөдөр “Бешикташ” клубтэй хийсэн тоглолтынхоо өмнө нэг минутын чимээгүй зогсолт хийж эмгэнэл илэрхийллээ.

Ч.Батзангиа дасгалжуулагчтай Дорноговь аймгийн баг хэдий сэтгэл санааны хувьд хүнд байдалтай талбайд гарсан ч тэнгэрт хальсан шигшээ багийн тоглогчдодоо хүндэтгэл үзүүлэн тоглож, 3:0-ээр хожсоноор УАШТ-ий хэсгээс гарсан. Дөнгөж 18 насандаа орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн хоёр хөлбөмбөгчин энэ зун “Үндэсний цом” тэмцээнд оролцохоор зэхэж байсан ч мөрөөдлөө биелүүлж чадалгүй хорвоог орхилоо. Уг харамсалтай үйл явдалд МХБХ нийт хөлбөмбөгчид, сонирхогчдынхоо өмнөөс гүн эмгэнэл илэрхийлсэн байна. 

Наадмын тасалбарыг ирэх сарын 6-8-ны хооронд худалдана

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Наадмын угтаж хэд хэдэн засварын ажил хийгдэж байгаа аж. Тухайлбал Төв цэнгэлдэхийн гаднах авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор талд гэрэлтүүлгийг нь сайжруулж байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх гүйлтийн замыг шинэчлэн, орчин үеийн стандартад нийцсэн резинэн хучилттай болгож, үзэгчдийн суудлыг нэмэх гэнэ. Шагайн харвааны асарт засвар хийж ажил 60 хувьтай явж байгаа бол сурын талбайг томсгож, үзэгчдийн суудлыг нэмэх аж төлөвлөгөөний дагуу явж байгааг албаныхан дуулгаж байна.

Наадмын нээлт, хаалтын тасалбарыг долдугаар сарын 6-8-нд СТӨ-ний билетийн кассаар борлуулах гэнэ. Наадмын тасалбарыг онлайнаар худалдахад хүндрэлтэй зүйл байгаа тул өмнөхийн адилаар кассаар худалдаална. Үнийн хувьд өмнөх жилүүдтэй ойролцоо байх аж.

ЭЕШ-ыг 24 хүүхэд хоцорсон, 19 нь бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанар өгч чадаагүй гэв

Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. Энэ жилийн ЭЕШ-д нийт 40388 шалгуулагч бүртгүүлсний 87 хувь нь 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байгаа аж. 

ЭЕШ-ыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 шалгалтын байранд зохион байгуулж байгаа бөгөөд ЭЕШ-ын шудрага, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс дээрх шалгалтын анги тамхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон металл илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргийг суурилуулсан байна.

Өчигдрийн байдлаар Монгол хэл бичгийн шалгалтыг 38750 хүүхэд өгөх ёстойгоос 38170 хүүхэд хамрагдсан нь 98.5 хувийн ирцтэй байна. Үүнээс 580 хүүхэд шалгалтаа өгч чадаагүйн 24 нь хоцорсон, 19 нь бичиг баримтын зөрчилтэй учраас оруулаагүй, үлдсэн хүүхдүүд нь шалгалтандаа ирээгүй байна.

Үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ирэх сарын 1-нээс олгоно

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явагдаж байгаа билээ. Энэ жилийн Улсын их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт 1000 аж ахуйн нэгж иргэдэд үйлчлэх урьдчилсан  мэддээлэл гарчээ. Наадмын талбайд үйлчилгээ эрхлэх байгууллагуудад тавих шаардлага, журмыг тун удахгүй боловсруулна гэдгийг Захирагчийн ажлын албанаас мэдээлжээ. Ажлын туршлага, эрүүл аюулгүй орчинд хоол боловсруулж чадах эсэхээс гадна ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байх зэрэг шаардлагыг тусгаж байгаа аж. Харин үйлчилгээний зөвшөөрлийг ирэх сарын 1-нээс аж ахуйн нэгж, иргэдэд олгох юм байна.

Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ өнөөдрөөс эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар  сарын 12-ны өдрийн хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан. Энэхүү шийдвэрийг үндэслэн нийслэлийн Эрүүл  мэндийн газраас Улаанбаатар хотод илрүүлэг шинжилгээг хийх эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шинжилгээний материалын бэлэн байдлыг хангах, өрхийн эрүүл мэндийн төв дээр хороо, хэсгээр нь эмх, замбараатай, хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах зэрэг олон төрлийн бэлтгэл ажлыг зохион байгууллаа.

Нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны иргэдийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил  энэ сарын 15-ны өдөр буюу өнөөдрөөс нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг эхэлж 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл явагдана.

Иймд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй 40-65 насны иргэн та эрүүл мэндийн даатгалын 2016, 2017 оны шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатайг анхаарна уу.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment