Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газар 480 дугаар тогтоолоор улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийн хэмжээ болон түүнийг тээвэрлэх зардлыг шийдвэрлэж, малчид, иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, хүн эмнэлэгт “УАЗ-31519” маркийн автомашиныг олгосон. Түүнчлэн улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгохоор хуваарилж, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож байна. Энэхүү буцалтгүй тусламжаар хүргэж байгаа өвс, үнэ хямдруулсан тэжээлийн үнийн зөрүү нийт 2,6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм.