Иргэн Г.Доржзодов 60 тэрбумын талаарх бичлэгийг эвлүүлэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд МАН-ын зүгээс 1 сая ам.доллар өгье гэж санал тавьсан тавьсан талаар өөрийн биеэр мэдээлэл хийхдээ хэлсэн. Уг саналыг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Энканто спорт комплекс”-д уулзах үеэрээ хэлсэн гэв. Харин энэхүү мөнгөн дүнг амласан ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тайлбар хийсэн байна. Тэрбээр хэлэхдээ, “Г.Доржзодов гэдэг хүн хуурамч, зохион байгуулалттай мэдээлэл тарааж байна. Тэр хүн гурав дахь хүнээр зуучлуулан надтай уулзсан нь үнэн. Ямар саналтай уулзаж байгааг асуухад Г.Доржзодов “60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг байсан гэдгээ хүлээж, нэвтрүүлэг хийж өгье” гэдэг санал тавьсан. Ингэхдээ 1 сая доллар төлж, эхнэр хүүхдийнхээ хамт Австрали явуулж өг гэж тулгасан. Мэдээж би энэ саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл эргээд “800 мянган доллараар энэ ажлыг гүйцэтгэж өгье” гэж санал тавьсан. Би ийм мөнгө төлөх боломжгүй гэдгийг албан ёсоор хэлснээр бидний яриа өндөрлөсөн. Г.Доржзодов өөрийнхөө тавьсан саналыг миний тавьсан санал мэтээр ярьж, гүтгэлэг тарааж байгаад харамсаж байна. 60 тэрбумын гэж нэрлэгдсэн бичлэг эвлүүлэг байсан гэдгээ хүлээж нэвтрүүлэг хийж өгье гэж тэр хүн надтай уулзсаныг гэрчлэх хүн бий. Бид хоёулхнаа уулзсан биш, гурав дахь хүн байгаа учраас үүнийг гэрчилнэ” хэмээн ярьжээ.
Ж.Мөнхбат: Г.Доржзодов 1 сая ам.доллар авах саналаа өөрөө гаргасан
2017-06-16 09:41:00