8o
Улаанбаатар хот
mobile menu

"Говь" ХК-д гал гарч, С.Зоригийн хэргийн хяналтын шатны шүүх хойшилж, Тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасан 7 хоног

2017-06-17 10:00:00

Эрхэм уншигч та бүхэндээ амралтын өдрийн мэнд дэвшүүлье. 7 хоног бүрийн энэ өдөр эх оронд болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн 7 хоногт болж өрнөсөн үйл явдлыг эргэн сөхье. 

Гадаад иргэн луйврын гүйлгээ хийж байгаад баригджээ

Европын холбооны гишүүн Румын Улсын иргэн эрэгтэй, 35 настай Л.А нь Монгол Улсад байх хугацаандаа гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж авч төлбөрийн картуудад суулган луйврын гүйлгээ  хийжээ. Үүнийг  Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байгаа аж.

Уг этгээд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Арилжааны банкны автомат мөнгөний машин /АТМ/-аас тавдугаар сарын 29-ний өдрөөс зургаадугаар сарын 8-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний луйврын гүйлгээг хийсэн байна.

Монгол Улсын иргэдийг хуурч мэхлэн, бичиг баримтыг нь ашиглаж банкны гадаад гуйвуулгаар шилжүүлснийг шуурхай эрэн сурвалжилж саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.  Румын Улсын иргэн Л.А нь Монгол Улсад тавдугаар сарын 28-ны өдөр ирсэн байжээ.

Тавантолгой сургалтын төвд дахин нэг албан хаагч амиа алджээ

Зэвсэгт хүчний Тавантолгойн сургалтын төвд өнгөрсөн амралтын өдөр тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд зургаа дахь удаагийн марш тактикийн тэмцээн болсон.Тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан талаар эх сурвалж мэдээллээ. Алба хаагч О нь тэмцээнд оролцож байхдаа нас баржээ. Түүний нас баралтын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.

Ийнхүү Тавантолгойн сургалтын баазад он гарсаар гурав дахь албан хаагч амиа алдаад байна. Одоогоор энэ талаар тэмцээний гол зохион байгуулагч БХЯ-наас ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй байна. 

ЭЕШ-ыг 24 хүүхэд хоцорсон, 19 нь бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанар өгч чадаагүй гэв

Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. Энэ жилийн ЭЕШ-д нийт 40388 шалгуулагч бүртгүүлсний 87 хувь нь 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байгаа аж. 

ЭЕШ-ыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 шалгалтын байранд зохион байгуулж байгаа бөгөөд ЭЕШ-ын шудрага, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс дээрх шалгалтын анги тамхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон металл илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргийг суурилуулсан байна.

Өчигдрийн байдлаар Монгол хэл бичгийн шалгалтыг 38750 хүүхэд өгөх ёстойгоос 38170 хүүхэд хамрагдсан нь 98.5 хувийн ирцтэй байна. Үүнээс 580 хүүхэд шалгалтаа өгч чадаагүйн 24 нь хоцорсон, 19 нь бичиг баримтын зөрчилтэй учраас оруулаагүй, үлдсэн хүүхдүүд нь шалгалтандаа ирээгүй байна.

Н.Номтойбаяр: Тэтгэвэр нэмэх шийдвэр гаргаж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийж байна. Сайд Н.Номтойбаяр хэлэхдээ "Тэтгэврийг нэмэх шийдвэр гаргаж байна. Дунджаар 150 орчим тэрбум төгрөгөөр тэтгэвэр нэмэгдүүлнэ. Удахгүй Засгийн газар 2018 оны төсвийг хэлэлцэнэ. Засгийн газар 2018 оноос тэтгэвэр нэмэгдүүлсэн байдлаар төсвийг УИХ-д өргөн мэдүүлнэ" хэмээн хэллээ.Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

Монгол инженерүүд анх удаа ачааны вагон угсарч, тээвэрлэлтэд шилжүүллээ

Монголдоо анх удаа ачааны вагон угсрах ажлыг амжилттай хэрэгжүүлж, Зүүн хараа дахь вагон засварын депод угсарсан таван вагоныг энэ сарын 9-ны өдөр тээвэрлэлтэд шилжүүлсэн байна. 

Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм байна. Манайд импортоор орж ирдэг ОХУ, БНХАУ-ын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарч байгаа талаар инженер техникийн ажилчид онцолж байв. Эдийн засгийн хувьд ОХУ болон хамтын нөхөрлөлийн орнуудаас орж ирэх ачааны вагоны үнэ 80-100 мянган ам.доллар, БНХАУ-д үйлдвэрлэсэн ачааны вагон ойролцоогоор 79,5 мянган ам.долларын үнэтэй байдаг байна. Тэгвэл манайд угсарч буй тус вагон нь 120 орчим сая төгрөгөөр босчээ.

Жилд 10-аад тэрбум төгрөгийн татвар төлдөг Говь ХК-ийн үйлдвэр шатлаа

Хан-Уул дүүрэгт байрлах ууган үйлдвэр  “Говь” ХК-ийн байранд гал харамсалтай хэрэг өчигдөр гарлаа. Тус галын  дуудлага нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр оройны 22.46 цагт ирсэн байна. Галын дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын 200 гаруй албан хаагч 11 анги нэгтэл бүтэн 10 цагийн турш ажиллаж үүрийн 05.00 цагийн үед галыг бүрэн унтрааж дууслаа. Галын дууддага авсан даруйд анх Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажилласан аж. Үүний зэрэгцээ Ус сувгийн удирдах газар болон Хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг дайчилсан ажилласан байна. 

“ГОВЬ” үйлдвэрийг япончууд дайны төлбөрт барьж өгсөн 


Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж байсан түүхтэй. Япончууд дайны төлбөрт барьж өгсөн гэдэг. Тус үйлдвэр байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл  30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. “Говь” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг 2007 оны 7 сард “ЭФ СИ АЙ” ХХК Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар “Говь” ХК өнөөг хүртэл хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор багтдаг. Тус үйлдвэр жилдээ  1100 тн түүхий ноос, ноолуур 30 тн бөмбөгөн ноос, ноолуур 210 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай ба түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм. Компанийн хөрөнгө 122 тэрбум төгрөг бөгөөд жилд 70 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 10-аад тэрбум төгрөгийн татвар төлдөг томоохон аж ахуй нэгжийн нэг юм. 

Д.Доржзодовыг баривчлахаар цагдаа нар гэрийг нь бүслээд байна

60 тэрбумын бичлэгийг цацсан гэх Д.Доржзодовыг өнөөдөр өглөө баривчлахаар Хан-Уул дүүргийн  Оргил хотхон дахь байранд цагдаагийнхан өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн байна. Одоогоор түүний байрны гадуур  цагдаа нар бүсэлсэн байдалтай байгаа аж. Энэ талаар сэтгүүлч Мөнхбаясгалан лайв бичлэг хийж байна. Бичлэгт гарснаар хэвлэлийнхнийг оруулах боломжгүй. Мөн Д.Доржзодовын өмгөөлөгч тус байрны гадаа ирсэн ч "Баривчлах ажиллагаа яваагүй тул оруулах шаардлагагүй" гэсэн тайлбар тавиж оруулахаас татгалзаад байна.

 17 настай охин амиа хорлохыг завджээ

Цахилгааны өндөр хүчдэлийн шугам дээр 17 настай охин авирч амиа хорлохыг завдсан хэрэг гарсан байна. Тодруулбал Өчигдөр 14:00 цагийн орчимд, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн өндөр хүчдэлийн  шугам дээр нэгэн охин авчирч гарсан байна. 

Хэргийг одоогоор тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэлтэс шалгаж байгаа юм байна. Мөн  охины амь насыг авараад байгаа аж. Эх сурвалжийн хэлж буйгаар охин амиа хорлох шалтгаанаа хэлэхгүй байгаа гэнэ. 

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хойшиллоо

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр товлогдсон ч байсан хойшиллоо. Тодруулбал, шүүх хурал өмгөөлөгчийн хүсэлтээр ийнхүү хойшилсон байна. Мөн ялтан Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон учраас хүсэлт гаргасан аж. Хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг зургаадугаар сарын 28-ны 09:00 цагт хийхээр тогтлоо.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл