8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын орны нийт газар нутгийн 76.8 хувь цөлжилтөд өртжээ

2017-06-17 09:55:00

Өнөөдөр цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр 

Өнөөдөр цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг НҮБ-аас “Бидний газар, Бидний гэр, Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулахаар болсон байна. Цөлжилтөд нь зөвхөн нэг улс орны асуудал биш бөгөөд газрын доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байгаа. Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогдож байна. Улмаар цөлжилтөөс үүдэн гарах хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрсэн байна. Монголын орны нийт газар нутгийн 76.8 хувь буюу ерөнхийдөө их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэх тоо мэдээлэл ч бий. Үүнд байгалийн хүчин зүйлээс гадна хариуцлагагүй уул уурхай, бэлчээрийн талхагдал хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байгааг сүүлийн үеийн судалгаа шинжилгээний дүн илэрхийлэх болсон.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын тодорхойлолтыг үндэслэн тооцволМонгол Улсын нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай нутагт хамрагдана. Эдгээрээс үнэлгээ, зураглалын өнөөгийн үр дүнгээр цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд 5 хувь, хүчтэй зэрэглэлд 18 хувь, дунд зэрэглэлд 26 хувь, сул зэрэглэлд 23 хувь нь тус тус хамрагдах болжээ. Энэ нь тодорхой бүс нутагт цөлжилтийн аюулын зэрэглэл нэмэгдэж, нутаг дэвсгэрийн 72 хувь хүртэл өргөжсөн байгааг харуулж байна.

Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутгууд ихэвчлэн хамрагдаж байна. Говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртөөд байгаа юм. Эрдэмтдийн судалгаагаар хуурайшил тал хээр, говь цөлийн бүсэд олон жилийн дунджаас 3.2-10 хувь, ойт хээрийн бүс, өндөр уулын бүслүүрт 10-15 хувиар нэмэгджээ.

Тал хээр, говийн бүсийн нутагт шороон шуургатай өдрийн тоо 1960 онтой харьцуулахад 3-4 дахин өсч, говь болон Их нууруудын хотгорт жилийн 61-127 өдөр шороон шуургатай байна. Энэ нь элсний нүүлт ихсэх, цөлжилт нэмэгдэх хүчин зүйл болж байна. Уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр гадаргын усны хэмжээ эрчимтэй буурсан нь ч цөлжилтөд нөлөөлж байна. Газрын уст цэгийн 2007 оны мэдээг 1970 оныхтой харьцуулахад 887 гол, горхи, 2096 булаг шанд, 1166 нуур тойром хатжээ.

Монгол орны хувьд цөлжилт, газрын доройтлын үндсэн хүчин зүйл нь бэлчээрийн талхлагдал боллоо. Газрын харилцаа, барилга, геодези, зурагзүйн газрын тайлан мэдээнд дурьдсанаар бэлчээрийн даац 32.5 хувиар буюу 16 сая хонин толгойгоор хэтэрчээ. Ямааны тоо огцом өсч, нийт сүргийн 46 хувийг эзлэх болсон нь бэлчээрийн талхагдлын гол шалтгаан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл