Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Эрдэнэт хотын иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтад нэр дэвшигч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Орхон аймгийн Ардчилсан намынЦ.Баттөр тэргүүтэй албаны хүмүүс оролцож, ард иргэдийн сонирхсон асуултад хариу өглөө.
Нэр дэвшигч Х.Баттулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Монгол орны гэрэл гэгээтэй юм бүхэн Эрдэнэт үйлдвэртэй ямар нэг сэжмээр холбогддог. Улс орны эдийн засаг уналтад орж, төсөв санхүү улайх үед Эрдэнэт үйлдвэр л цус сэлбэж, гал алдах аюулаас аварч гардаг. Ийм хөдөлмөрч, бүтээлч ард түмэнтэй уулзан учирч байгаадаа баяртай байна. Манай баг сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн даруй Хэнтий аймгаас эхлэн эх орноо бүтэн тойрч, өдгөө 18 дахь аймагтаа ажиллаж байна.
Юуны өмнө өнөөдөр үүсээд буй үл ойлгогдох гүжир гүтгэлэг мэдээллүүд хийгээд Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын тухай байр сууриа хэлэх нь зөв болов уу. Сонгууль бүрийн өмнө элдэв гүтгэлэг, хар мэдээ хөвөрдөг. УИХ-ын сонгуулийн тухайд 500 гаруй хүн өрсөлддөг учир элдэв гүтгэлэг, хар мэдээ мэдээллүүд нэг хүн рүү бус хэсэг бүлэг рүү, нам эвсэл рүү хандах нь бий. Харин, Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр, гурван хүн л өрсөлддөг. Тиймдээ ч аливаа гүжир гүтгэлэг мэдээллийн аль нь үнэн, аль нь худал болохыг ялгаж салгахад бэрх байдаг. Сая уулзалт хийхээр орж ирэхэд “Баттулга Эрдэнэтийн 49 хувийг Элбэгдоржтой хувааж идсэн” гэх лоозон барьсан оюутнууд эгнэн зогсчээ. Сүүлийн үед миний бие өөрөө ч мэдэхгүй элдэв хөрөнгө мөнгө энд тэндээс гарч ирэх боллоо. Эрдэнэтийг хувааж идсэн гэх гүтгэлэг мөнөөх л учир утгагүй худал мэдээлэл, гүтгэлгүүдийн нэг. Би хэзээ ч, хэнтэй ч нийлж хулгай хийж байсангүй, тийм зүйл ч болохгүй. Тэр дундаа улстөрчтэй нийлж ийм юм хийсэн хэмээн гүтгэж, бүхэл бүтэн нэвтрүүлэг хүртэл хийж байгааг нь харахад инээдтэй байна, тэр хүмүүс айж байна.
Эрдэнэтийн тухай ярихын тулд эхлээд гурван зүйлийг тодотгох хэрэг гарах нь. Нэгдүгээрт, миний бие 2007 онд МоАХ-ны партизануудтайгаа Сүхбаатарын талбайд суулт хийж, Тавантолгойн орд газрыг Монгол, Хятадын хамтарсан “MCS” гэх компанид өгчихсөн байсны 96 хувийг буцааж авсан. Үүнийгээ би улс төрийн нэлээд том тэмцэл гэж ойлгодог. Энэ үйл явдлаас хойш Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт 1072 хувьцаа олгосон нь 6.5 тэрбум тонн нөөцтэй эл баялгийг Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэн буцаан авсан. Ингэснээр иргэн бүр хувьцаа эзэмшигч болж байсныг та бүхэн санаж байгаа байх.
Хоёрдугаарт, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөөг зүгээр нэг хүний нүд хужирлах гэж байгуулаагүй ээ. Эл хөшөөт цогцолборыг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор ашиглалтад оруулж, тэр жил төрсөн 10 мянган хүүхдэд үнэгүй хувьцаа олгож, “Женко тур бюро” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгосон. Одоо энэ хүүхдүүд 10 настай болчихсон байна. Ирээдүйд сургууль соёлд ороод эл компаниасаа ногдол ашиг хүртэж, сурч боловсроход зориулах боломжтой.
Гуравдугаарт, “Талх чихэр”, “Мах импекс” гээд миний хувь эзэмшдэг бүх л компани хувьцаат компаний статустай. Анх хувьчилж авахад хувьцаа эзэмшиж байсан хүмүүс одоо ч хэвээрээ байгаа. Хувьцаат компанийн тухайд би хамгийн зөв шийдэл гэж харж, бодож явдаг. Тиймээс Эрдэнэтийн 49 хувиас Эрдэнэт үйлдвэрийг авч яваа 6000 гаруй ажилтан, уйрхайчин хувь хүртэх эрхтэй, хувьцаа эзэмших ёстой гэж бодож явдаг. Нэг, хоёр, гурав гэж оршил яриад байгаа нь өөрийнхөө өдий хүртэлх бизнесийн салбарын замнал, байр суурийг илэрхийлсэн хэрэг. Хувьцаат компанийн онолыг би хувьдаа зөв шийдэл гэж бодож явдгаа 49 хувийн тухай асуудэл дээр илэрхийлж байна” гэсэн юм.
Уулзалт, ярилцлагын үеэр үг хэлсэн хүмүүсийн ярианаас онцоллоо.
С.Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг дахин нягтлан шалгах шаардлагатай
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга
Эрдэс баялгийн өлгий нутаг Эрдэнэт хотод саатаж, ажилчид, уурхайчид та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Сая манай нэр дэвшигч Баттулга маань хэлж байна, ажилчид, уурхайчид маань Эрдэнэтийн 49 хувиас хувь хүртэх эрхтэй гэж. Би санал нэг байна. Түүнчлэн, 51 хувийн асуудлыг ч дахин нягтлах, шалгаж үзэх шаардлагатай гэж үзэж байна. Эрдэнэт үйлдвэр Монголын ард түмнийг, Монгол Улсыг 40-өөд жил тэжээн тэтгэсэн. Цаашдаа өдий дайны хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжтой. Тиймээс 51 хувийг дахин нягтлах, шалгах шаардлагатай.
Э.Ариун-Эрдэнэ: Монгол Улсын ирээдүйн хөгжил цэцэглэлтийг дотроо харж, зурж яваа гэдэг итгэлтэй байна
Соёлын тэргүүний ажилтан, “Outlaw” хамтлагийн дуучин
Нэр дэвшигч Баттулга ах маань спорт, улс төр, бизнесийн салбарт өөрийн өнгө төрхийг бий болгож чадсан лидер хүн. Аль ч улс оронд, ямар ч цаг үед хөгжил дэвшилд хөтлөгч лидерүүд нь зөвхөн улс төрч бус хар бор амьдрал үзэж туулсан, хөлс хүчээ урсгаж сайн сайхан амьдралд хүрсэн, олон талын нийгмийн идэвх, оролцоотой жинхэнэ удирдагч байдаг. Баттулга ах маань улс төрч, тамирчин мөн зураач, урлагийн хүн. Урлагийн хүмүүс аливаа юмыг өөр өнцгөөс харж чаддаг давуу талтай байдаг. Урлаг, спортоор хүмүүжиж улс төрд хүн чанараа гээгээгүй хүн аливаа юмыг олон талаас нь харж, зураглаж явдаг нь дамжиггүй. Баттулга ах маань Монгол Улсын ирээдүйн хөгжил цэцэглэлтийг дотроо харж, зурж яваа гэдэг итгэлтэй байна. Эрдэнэтчүүд эх оронч Ерөнхийлөгчөө дэмжинэ.
Ц.Батхуяг: Үнэн ялна, Монгол ялна
Уулзалтын үеэр Орхон аймгийн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Батхуягийн хэлсэн үгнээс.
Төрийн эрхийг барьж буй МАН-ын увайгүй үйлдлүүд ар араасаа ил болж, тэр бүхэн нь Монголын ард түмэн төдийгүй дэлхий дахины анхаарлын төвд байна. Нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихээр олон мянган залуус “Монгол ялна” гэх зүрхнийхээ дуудлагаар нэгдэж байна. Төрийн албыг наймаалцаж, сонгуулийн үр дүнг худалдан авах оролдлого илт боллоо. Эх баригч намын эл үйлдэл дээр, дооргүй яригдаж байна. Энэ цаг үед Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Ардчиллын өлгий Эрдэнэт хотод хүрэлцэн ирээд байна. Эрх баригч МАН-ын зориудын зохион байгуулалтаар манай нэр дэвшигчийг гүжирдэх явдал газар авч байна. Гэхдээ хар буруу зүйл аяндаа бөхдөг жамтай. Монгол эх орныхоо төлөө, монголчуудынхаа төлөө ард түмнийхээ захиасаар нэр дэвшиж буй Баттулгын ялалт монголчууд бидний ялалт байх болно. Үнэн ялна, Монгол ялна.
АН-ын Сонгуулийн штаб