8o
Улаанбаатар хот
mobile menu

“Агар Арвижих” компанид хууль хэзээ үйлчилдэг болох вэ?

2016-01-07 09:18:00

Хямралтай байгаа салбаруудын нэг бол барилгын салбар. Хэчнээн хямралтай байгаа ч өндөр өртөг бүхий тансаг зэрэглэлийн хотхонууд шил дараалан баригдаж ашиглалтад орсоор байна. Олон барилга баригдаж, олон иргэн ажлын байраар хангаж байгаа нь сайшаалтай. Гэвч эдгээр барилгуудад аюулгүй ажиллагааны дүрэм баримтлаагүйгээс болж эрдэнэт хүний амь нас эрсдэх тохиолдол цөөнгүй гарч байгаа.  Жилийн жилд энэ төрлийн осол аваарын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй гардаг. Шинэ он гараад хэдхэн хонож байгаа боловч энэ төрлийн осол  бүртгэгджээ. Тухайлбал ХУД 11-р хороо, Зайсан хороолол, Дүнжингаравын гудамжинд "Astra villa" орон сууцны хотхоны барилга дээр осол гарчээ. Тодруулбал туслах ажилчин залуу ажлаа хийж байх үедээ гэмтэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж ирсэн байна. Баянзүрх дүүргийн 24-р хороонд оршин суух 22 настай И-гийн гэмтсэн хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.


"Astra villa" орон сууцны хотхоны барилгыг “Агар Арвижих” компани гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж. Барилгын ажлыг хүйтний улирал буюу арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн зогсоож  зөвхөн дотор засал чимэглэлийн ажлыг хийхийг зөвшөөрдөг байна. Тэгвэл хууль зөрчиж тэсгим өвлийн хүйтний улиралд хугацаандаа багтааж ашиглалтад оруулахын тулд “Агар Арвижих” компани  үйл ажиллагаагаа одоо болтол явуулж байжээ. Учир нь зайсанд байрлах  "ASTRA VILLA" хотхон нь энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад орохоор иргэдээс захиалга авчээ. Тиймээс хугацаандаа амжихын тулд хууль зөрчин өвлийн хүйтэнд барилгаа барьж байжээ. 


"Astra villa" хотхоны байрны метр квадратын үнэ нь 2.680.000-3.500.000 төгрөгийн хооронд аж. Энэ нь зах зээлийн үнээр харьцангүй үнэтэйд тооцогдож байгаа юм. “Агар Арвижих” компанийн хувьд өмнө нь хэд хэдэн удаа барилга барих явцдаа иргэдийн эсргүүцэлтэй тулгарч байсан юм. Тухайлбал өнгөрсөн хавар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 37 дугаар байрны ард есөн давхар барилга барихаар иргэн Ж.Нямдаваа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл авчээ. Харин газрыг нь таван жилийн хугацаатайгаар эзэмших эрхээ 2010 онд авсан юм билээ. Тэгэхээр газар эзэмших эрх нь 2015 онд дуусгавар болох байсан учир тухайн ондоо багтаан барилга барих гэтэл оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан байдаг билээ. Харин гүйцэтгэгч компани болох “Агар Арвижих” компани барилгын ажлыг эхлүүлчихээд байсан ч оршин суугчид эсэргүүцсэн учир арга буюу ажлаа зогсоосон. 


Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршалын гүүрний зүүн талд “Могул ибиз” компанийн захиалгаар “Khan hills residence” орон сууцны хороолол босч байгаа. Уг хороолын гүйцэтгэгчээр “Агар Арвижих” компани  ажиллажээ. Энэ үеэр тус барилгын зүүн урд байрлах “Time squire” хотхоныхоны иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Учир нь оршин суугчид Туул голын мод, бутыг таслан дээр нь шороо асгаж, барилгын ажлаа эхлүүлсэн, түүнчлэн өндөр барилга баридвал нар үзэхгүй болно хэмээн эсэргүүцэж байсан юм. Энэ мэт өвөл, зун гэлтгүй асуудал ар араасаа дагуулж иргэдийн эрх ашигийг зөрчиж байдаг “Агар Арвижих” компани  дахин нэг иргэнийг гэмтээлээ. Өнөөдөр нэг иргэн ажлаа хийж байхдаа гэмтсэн бол цаана хичнээн ажилчид эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгааг бид мэдэхгүй. Хууль үйлчилдэггүй  “Агар Арвижих” компанид хууль хэзээ үйлчилдэг болох вэ. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл