-12o
Улаанбаатар хот
mobile menu

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

2017-06-20 10:51:18

Онцгой байдлын ерөнхий газраас /2017.06.19/ ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, гол усны осол, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон амралт, аялал зугаалгын улиралтай холбогдуулан иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү нар оролцон мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 19 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 24 удаагийн тохиолдлоор 28 хүн (хүүхэд-6, насанд хүрэгсэд-22) амь насаа алдаад байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад (2016 онд нийтдээ 134 хүн усанд осолдож амь насаа алдсаны 47 нь бага насны хүүхэд байсан) усанд осолдсон хүний тоо 17-оор нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд иргэдийн хайрамж болгоомжгүй байдал, хүүхдийг хараа хяналтгүй орхидог, анги, хамт олон, найз нөхдөөрөө зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэж усанд осолддог зэргээс шалтгаалж байна.

Түүнчлэн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу энэ сарын 19-ний шөнө болон 20-ны өдөр Сэлэнгэ, Төвийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байгаа юм. Тиймээс ихэнх нутгаар олон хоног халсан тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Харин улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийслэл хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 85 удаа  нийт 101 удаагийн ой хээрийн түймэр гарч 38821,3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртөөд байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан 1 түймэр, Хэнтий аймгийн Биндэр суманд 1, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ суманд гарсан тус бүр 1 нийт дөрвөн түймрийг цурманд оруулсан бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1, Төв аймгийн эрдэнэ, Мөнгөнморьт суманд тус бүр 1 түймэр, Булган аймаг Тэшиг суманд 1, нийт 4 түймэр асаж байгаа юм.

Түймрийн голомтонд Онцгой байдлын албанаас 337 албан хаагч, 30 автомашинтайгаар, орон нутгаас 331 иргэн, 20 автомашинтайгар, Зэвсэгт хүчнээс 238 албан хаагч, 14 автомашинтайгаар, Хилийн цэргээс 4 албан хаагч,ХХДЦГ-аас 12 ажилтан, 2 автомашинтай, нийт 922 хүн 1 нисдэг тэрэг, 66 автомашинтайгаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 232