8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Өнөрбаяр: ХНХЯ өдөр болгон ард түмнийхээ өмнө нээлттэй байх ёстой

2017-06-21 08:46:00

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг болж өндөрлөлөө. Өчигдөр /2017.06.19/ эхэлсэн уг арга хэмжээ хоёр өдрийн турш Сүхбаатарын талбайд үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж өнөөдөр Сүхбаатарын талбайд үргэлжилж чадаагүй юм.

Гэвч цаг агаарын хүндрэлийг үл харгалзаж хүрэлцэн ирсэн иргэдийгээ яамныхаа байранд хүлээн авч хэрэгтэй мэдээллийг өгч, зарим иргэдийг ажлын байранд зуучлах ажлыг зохион байгууллаа. Тодруулбал, Сүхбаатарын талбайд өдөрлөгийн арга хэмжээнд оролцохоор ирсэн иргэдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар ХНХЯ-ны байранд хүлээн авч уулзсан юм. Өнөөдрийн арга хэмжээнд тус яамны харьяа бүх газрууд оролцлоо.

 

Өдөрлөгийн арга хэмжээг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хаасан үг хэлсэн юм. Тэрбээр, "ХНХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай болж өндөрлөж байна. Өнөөдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж төлөвлөсөн ёсоор Сүхбаатарын талбайд арга хэмжээгээ зохион байгуулж чадаагүйдээ иргэдээсээ хүлцэл өчье. Гэсэн хэдий ч бид иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээж авахаар яамныхаа зааланд өдрийн турш ажиллалаа. Гэсэн хэдий ч хамгийн их хүн оролцсон нээлттэй хаалганы өдөрлөг боллоо гэж олон нийт биднийг дүгнэж байна. Ажлын байрыг нэмэх зорилтынхоо хүрээнд хийсэн хамгийн том "Хөдөлмөрийн бирж"-ээр үйлчлүүлсэн иргэдийн тоо урьдчилсан байдлаар 10.000 хол давсан гэсэн мэдээлэл байна. Өнөөдөр оройдоо багтаад аймгийн төвүүд болон алслагдсан дүүргүүдээс мэдээлэл ирж, нэгдсэн дүнг та бүхэнд танилцуулна. Мөн манай яамны нээлттэй хаалганы өдөрлөгийн бусад яамдуудаас онцлог байсан нэг зүйл нь ганцхан Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаагүй бөгөөд 21 аймаг, гурван дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулагдсан юм. Бидний ажилд гүн туслалцаа үзүүлж улс орныхоо ирээдүйн төлөө ажлын байрны захиалга авч идэвхтэй оролцсон аж ахуйн нэгжүүд болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулсан ТТБ-ууддаа яамныхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Мөн иргэдийнхээ санал сэтгэлийг сонсч, хэрэгтэй мэдээллээр нь хангах үүргээ биелүүлсэн салбарынхаа бүх ажилтан албан хаагчдад талархал илэрхийлэх нь зүйтэй. Бид нээлттэй хаалганы өдөрлөгөө хоёрхон өдөр хийгээд дуусдаг биш манай салбар өдөр болгон ард түмнийхээ өмнө нээлттэй байдаг юм. Цаашдаа ч нээлттэй байх ёстой шүү гэдгийг хэлмээр байна" гэсэн юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн алба

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment