АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабаас өнөөдөр СЕХ-нд шаардлага хүргүүллээ. Уг шаардлагын агуулга нь сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх хурууны бэхэн тэмдэглэгээ заавал хийлгэх ёстой гэсэн шаардлага хүргэсэн байна. Тус шаардлага хүргүүлэх үеэр УИХ-ын гишүүн Я.Санжмятав “СЕХ хүлээсэн үүргийнхээ дагуу санал хураалтыг шударгаар зохион байгуулах ёстой. Сонгогчид дамжиж санал өгөх тохиолдол гарах өндөр магадлал байна. Тийм учраас хурууны тэмдэглэгээг зайлшгүй хийх хэрэгтэй гэж АН үзэж байгаа” хэмээн хэллээ.
Тус шаардлага хүргүүлэх үеэр АН-ын ЕНБД Ц.Туваан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-СЕХ-ноос сонгогчдод бэхэн тэмдэглэгээ хийхгүй гэж мэдэгдсэн юм уу?
-СЕХ-ны зүгээс бэхэн тэмдэглэгээ хийхэд шаардагдах бэх байхгүй гэсэн шалтгаан хэлж байгаа. Сонгуулийн тухай хуулинд тэмдэглэгээ хийхэд шаардагдах бэхийг улсын төсөвт суутган авах асуудлыг маш тодорхой зааж өгсөн байдаг. СЕХ энэ төсөвт суулгах эрхээ эдлэх учиртай. АН-аас удаа дараа энэ шаардлагыг бичгээр хүргүүлсэн байдаг. СЕХ-ноос тодорхой хариулт өгөөгүй. Гол нь нэг хүн олон дахин сонгууль өгөх нөхцөл байдал бүрдчихээд байна.