Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат С гэх эмэгтэй өнгөрсөн оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө бусдад захиалга өгч долоон настай Т гэх хүүгийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан юм. Энэхүү хэргийн шүүх хурал өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хэрэгтэн С нь талийгаач хүүгийн аавтай нь дэр нэгтгэх зорилгоор Б гэгчид захиалга өгч, хөнөөлгөсөн хэргээр Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.11, 91.2.15, хүүг хөнөөсөн Б-д Эрүүгийн хуулийн 145.2, 91.2.4, 91.2.11, 91.2.15-д үндэслэн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Хүүгийн амийг захиалгаар хөнөөсөн хэрэгтэн Б гэгч нь 1998 онд төрсөн, 18 настай, өнгөрсөн жил арван жилийн сургууль төгсөөд, тодорхой эрхэлсэн ажилгүй байсан аж. Тэрээр 2016 онд Эрүүгийн хуулийн 145.2 буюу хоёр удаагийн хулгайн хэргээр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, хоёр жилийн тэнсэнтэй байжээ.