8o
Улаанбаатар хот
mobile menu

ХНХЯ-ны өдөрлөгөөр 15000 мянган иргэн бүртгүүлж, 2000 иргэн ажилд оржээ

2017-06-23 08:52:25

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх хуваарьтай байсан ч хоёр дахь өдөр нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагаагаа төлөвлөгөөнийхөө дагуу Сүхбаатарын талбайд явуулж чадаагүй юм.

Гэхдээ иргэдийн хүсэлтийн дагуу иргэдийг яамны байранд хүлээн авч уулзан, тэднийг ажилд зуучлах үйл ажиллагааг үргэлжлүүлэв. Тус нээлттэй хаалганы өдөрлөг нь ганцхан нийслэл хотод зохион байгуулагдаагүй гэдгээрээ илүү онцлогтой болсон. Тодруулбал, алслагдсан гурван дүүрэг болон 21 аймгийн төвд нэгэн зэрэг зохион байгуулагдсан юм. Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээллийг өгч байлаа. Мөн харьяа байгууллагууд, судалгааны төвүүдээс гадна ажил олгогч аж ахуйн нэгжүүд, ТББ-ууд өдөрлөгт оролцов.

Өдөрлөгийн үеэр ХНХЯ-наас хамгийн том "Хөдөлмөрийн бирж" ажиллуулж иргэдийг ажлын байраар хангах томоохон зорилтыг тавьсан юм.  Уг арга хэмжээнд нийтдээ 60 орчим аж ахуйн нэгж нэгдэж, иргэдийг нээлтэй ажлын байранд бүртгэн, сонгож авах үйл ажиллагаа явуулав. Мөн эрүүл мэнд, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл-хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль эрх зүйн танилцуулга, арга хэмжээ, үйлчилгээг нэг дороос иргэдэд түргэн шуурхай хүргэж ажиллалаа. Иргэд ажлын байранд бүртгүүлэх үйл ажиллагаанд нэлээд идэвхтэй оролцож, мөн Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалтай холбоотой асуудлууд болох элэгний В, С вирусийн эмийн үнийн хөнгөлөлт болон бусад тушаал шийдвэрүүдийн талаарх мэдээллийг илүүтэй сонирхож байв.

“Хөдөлмөрийн бирж” зорилгоо биелүүлж нийт 15 мянган хүнийг ажилд зуучлах үйлчилгээ үзүүлжээ

Нээлттэй хаалганы өдөрлөгт улсын хэмжээнд нийт  50 мянга орчим иргэд оролцсон байна. Үүнээс 15 мянган иргэн “Хөдөлмөрийн бирж”-ээр үйлчлүүлж ажлын байрны захиалгад бүртгүүлжээ. Тоог нарийвчилж задалбал ажилд бүртгүүлсэн иргэдийн 11.000 нь нийслэл хотод, үлдсэн 4000 иргэн нь алслагдсан гурван дүүрэг, аймгуудад бүртгүүлжээ. Тэгвэл эдгээр иргэдээс 2000 орчим иргэн ажил олгогчдоос тавьсан шаардлагыг хангаж ажилд орох эрхээ авсан байна. Мөн Хөдөлмөр, халамжийн чиглэлээр хоёр өдрийн хугацаанд нийт 15720 иргэнд мэдээлэл хүргэж ажилласан байна.

ЭМНД-ын чиглэлээр 9770 иргэнд мэдээлэл өгч, шаардлагатай үйлчилгээнүүдийг түргэн шуурхай үзүүллээ

Нээлттэй хаалганы өдөрлөгт Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар, төвийн зургаан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан албан хаагчид оролцсон юм. Өдөрлөгийн үеэр элэгний С вирусийн эсрэг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар, цалин, тэтгэврийн зээлийн хүү буурч, шимтгэл тэглэсэн талаар, тэтгэврээ шимтгэл, хүүгүйгээр урьдчилан авах боломжтой болсон гэх мэт иргэдийн илүүтэй сонирхож байсан мэдээ мэдээллийг хүргэж үйлчиллээ. Мөн тэтгэврийн хяналтын аян, тэтгэвэр авагч банкаа сонгох болсон зэрэг  сүүлийн үед хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг иргэдэд өгсөн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын чиглэлээр нийт 9770 иргэнд мэдээ мэдээлэл өгч, шаардлагатай үйлчилгээнүүдийг түргэн шуурхай үзүүлжээ. Үүнээс Улаанбаатар хотод 3188 иргэн, орон нутагт 6582 иргэн хамрагдсан байна.

Эрэлттэй мэргэжлүүдийг сонгож 350 залуу МСҮТ-д шинээр элслээ

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Мэргэжлийн боловсрол, сургалтын төвийн 57 байгууллага оролцсон бөгөөд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, багш суралцагсдын бүтээл болох үндэсний хувцас, сүлжмэл хувцас, модон эдлэл, гагнуурын бүтээлүүд, ном сурах бичиг, бүтээлийн сурталчилгаа, барилгын засал чимэглэлчин, мэргэжлийн мозайк арт утсан чимэглэл, байшингийн скиз загвар зэргийг олон нийтэд танилцуулж, нийт 11000 гаруй иргэдэд мэдээлэл хүргэж үйлчилжээ. Мөн 350 гаруй элсэгч МСҮТ-үүдэд бүртгүүлсэн байна. Үүнээс Улаанбаатар хотод 112, аймгууд болон алслагдсан гурван дүүрэгт 248 хүүхэд, залуус бүртгүүлжээ. Мөн багш,  суралцагсдын  хийсэн гурилан бүтээгдэхүүн, кекс, нарийн боов, жимсний ундаа, боловсруулсан цагаан идээний амталгааг зохион байгуулж иргэдэд танилцууллаа.

“Нэн түрүүнд ХАБ” уриатай ажилтан албан хаагчид шинэ технологиор хийгдсэн ажлын хувцсыг танилцууллаа

Үйлдвэрийн орчин, нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэт технологийг өдөрөлгийн үеэр нийтийн хүртээл болгож ажилласан юм. Энэхүү зорилгын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүртээмжтэй хүргэж чадлаа. Өдөрлөгийн үеэр ХАБЭМТөвөөр нийт 1019 хүн үйлчлүүллээ.  Үүнээс ХАБЭА-н стандарт, дүрэм журам, сургалтын эрх авах, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ зэрэг  асуудлаар 799 хүн зөвлөгөө, мэдээлэл авсан байна. Харин Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд нийт 220  иргэнд эрүүл мэндийн анхан шатны зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Түүнчлэн “Нано загвар” компанийнхан нано технологийг ашиглан хийсэн ажлын хувцас, хэрэгслүүдээ танилцуулсан юм. Эдгээр хувцас хэрэгсэл нь ус нэвтэрдэггүй бөгөөд  гагнуурын очинд түлэгддэггүй гэдгээрээ онцлог, давуу талтай юм.

“Хуулиа мэдэж, эрхээ эдэлж, үүргээ биелүүлцгээе”

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар харьяа байгууллагуудын хамт оролцож, олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчилсан юм. Тухайлбал, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, Өнөр бүл хүүхдийн төв, Хүүхдийн тусламжийн утасны 108 үйлчилгээний төв, Зуслангуудын холбоо, Сурагчдын холбоо, Скаутын холбоо зэрэг байгууллагууд иргэдэд үйлчилж өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл өгч ажиллалаа. Түүнчлэн иргэдэд салбарын хууль тогтоомжуудыг сурталчилж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хуулиудаар тус тус сургалт хийсэн юм. Мөн эцэг эхчүүдэд зориулан хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment