8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэн та сонгуулиа өгөхгүй бол "луйвардана" шүү

2017-06-23 09:13:00


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахад хоёрхон хоног Ерөнхийлөгчийн сонгууль болоход гурав хоногийн хугацаа үлдсэн байна. Монгол төрийн алтан жолоог хэнд атгуулах вэ гэдэг  түүхэн хариуцлагатай сонгуулийн өмнө монголчууд бид тулж ирлээ. Юун түрүүнд сонгууль цэвэр шударга явагдаасай гэсэн туйлын чин хүсэл байна. Учир нь сонгууль дөхөх тусам янз бүрийн мэдээлэл гарч, шударга бус үйлдэл хэрээс хэтэрлээ.  Сонгогчийн саналыг луйвардах гэсэн арга нарийсч байгаа талаар нэгэн иргэн манай сайтад мэдээлэл өгсөн юм. Тус иргэн Н Сонгино хайрхан дүүргийн 25 хорооны .... тоотод амьдардаг аж. Гэтэл хэд хоногийн өмнө тухайн айлд хорооны ажилтан ирж, регистрийн дугааруудаа өгчих, өөр  санаа оноо байна уу гэж асуусан байна. Мөн үүнээс гадна Чингэлтэй дүүргийн Хайлаастад амьдардаг иргэн Т 10 регистрийн дугаар  олж өгөөд нэг ноолууран цамц авсан ч тохиолдол байна. Мөн дараагийн нэг жишээг энд дурьдахад СХД-ийн Орбит хэсэгт амьдардаг өндөр настан Д-ийн гэрт хорооны хүмүүс очиж, 50 мянган төгрөг өгөөд явсан байна. Энэ мэтчилэн ил цагаан луйвар явагдаад эхэлсэн байна. 


Өчигдөрхөн БЗД-т 500 гаруй ноолууран цамц тараасан хэрэг мөн гарчээ. Түүнийг сурвалжилж байсан сэтгүүлч, зураглаач нарыг саатуулж мөн байцаалт авсан байна. Сэтгүүлч, зураглаач нарыг 5 цаг гаруй байцаалт авсан байна.  Дээр гарсан үйлдэлүүд хэрээс хэтэрч, ил цагаанлаа гарсан тул цагдаагийн байгууллага шалгаж үнэн мөнийг тогтооно гэдэгт итгэлтэй байна.Зарим хүмүүсийн яриагаар бол 20 мянган төгрөг ч өгсөн иргэд авч байна гэсэн мэдээлэл байна. Энэ сонгуульд “Дорж ялна уу, Дондог ялна уу” надад хамаагүй гээд сонгуулиа өгөхгүй, аль эсвэл хэн нэгэнд регистрийн дугаараа мөнгөөр өгч болохгүй. Хамгийн чухал зүйл бол та бидний сонгох эрх. Монголчууд бид  эв нэгдлийн илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгч хүчний ерөнхий командлагч Ерөнхийлөгчөө сонгох гэж байгаа хариуцлагатай энэ үед хэнд ч саналаа худалдахгүй, хамгийн идэвхитэй саналаа өгөх ёстой. “Сонгууль өгөөгүй сайн иргэд муу нэр дэвшигчийг сонгодог”  гэсэн мэргэн үг ч байдаг. Тэгэхээр заавал эрхээ эдлэж, сонгуульдаа саналаа өгөх хэрэгтэй. Сонгууль дөхсөн энэ үед иргэн таны гэрт сонгогчийн үнэмлэх очиж байгаа. Айл өрх бүрт очиж байгаа сонгогчийн үнэмлэхээ та сайн ажиглаж үзээрэй. Танай өрхийн гишүүдийн тоонд танихгүй хүн нэмэгдсэн юм биш биз. Энэ бас луйвар. 


Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн 50-р тойрогийн нутаг дэвсгэр буюу БЗД-ийн  18-р хорооны  147-р цэцэрлэг дээр саналаа өгч байгаа иргэдийн  дунд маргаан үүссэн тохиолдол гарсан. Учир нь  тус хороонд оршин суугч иргэн  А.Баттамирын гэрийн хаяг дээр огт танихгүй хүний нэр бүртгэгдсэн байсан бөгөөд түүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байсан. Саяханы нэг жишээг дурьдахад, Яруу найрагч Ц.Хулангийнх хоёр танихгүй хүнээр бүл нэмсэн талаар мэдээлэл мөн гарсан. Яруу найрагч Ц.Хулан хэлэхдээ “Миний сонгогчийн үнэмлэх манайд ирсэн. Манайх Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 17-гийн 24 тоотод байдаг. Гэтэл манай хаяган дээр Ц.Энхцэцэг, Т.Батбаяр гэдэг хоёр танихгүй хүн бүртгэгдчихсэн байна. Үүнийг манай хорооныхон мэдээд, танайд ийм хүн амьдардаг уу гэж асуусан. Би үгүй гэсэн. Гэтэл компьютерт нь бүртгэгдээд ороод ирчихсэн байна. Өөрөөр хэлбэл, энд ямар нэгэн “но” будилаан явж байна. Миний ханийн нэр алга. Гадаадад суралцаж байгаа хүүгийн маань нэр байхгүй байгаа. Тиймээс л би сонор сэрэмжтэй бай гээд байна” хэмээн хэлсэн. 
Энэ үйл явдал ганцхан Яруу найрагч Ц.Хулангийнд гарсан ч юм биш.  Айл болгонд энэ мэтээр танихгүй хүн нэмж бүртгэсэн талаар эх сурвалжууд дуулгаж байна.  Үүнийг хууль хүчний байгууллагынхан шалгамаар байна шүү. Иргэн та мөн шалгуулах бүрэн эрхтэй шүү. Энэ мэт луйвар явж байгаа учраас иргэн та хариуцлагатай сонгуулиа заавал өгөөрэй. Иргэн таны саналаар эх орны хувь заяа шийдэгдэнэ 

 

Төрийн сонгууль түвшин, түмний оролцоо өргөн байх болтгуай. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
МАН л ийм будлиан хутгахдаа сурамгай.
2017/06/23 103.212.117.27
Зочин
АН хүүхдээс нь эцэг эхийнхэн регистрийн дугаарыг хуурч аваад байна.
2017/06/23 27.123.214.120