Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 497213 сонгогчийн, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 396256 сонгогчийн, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 391477 сонгогчийн саналыг тус тус авсан. Урьдчилсан дүнгээр хамгийн олон саналыг Х.Баттулга авлаа. Гэсэн хэдий ч түүний авсан санал нийт сонгогчдын 50+1 хувийн хэмжээний санал биш юм. Тиймээс Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн дагуу хоёр дахь шатны санал хураалт явагдах нөхцөл байдал үүсээд байна. Ингээд сонгуулийн үр дүнгийн талаар албаны хүмүүс юу хэлсэн талаар мэдээлэл хүргэе.
Ц.Оюунбаатар: СЕХ дүнг будлиантуулдгаа зогсоох хэрэгтэй
Сонгуулийн урьдчилсан дүн гарсаны дараа МАХН-ы СЕХ-ны гадаа жагсаал зохион байгуулсан. МАХН-ы сонгуулийн штабын дарга Ц.Оюунбаатар “СЕХ бидэнтэй уулзахгүй байна. Сонгуулийн хэсгийн хороон дээр гарсан талонууд цагаараа хэвлэгдсэн байх ёстой. Цагтаа хэвлэгдээгүй бол луйврын нотолгоо. СЕХ Ерөнхийлөгчийн үе үеийн сонгуулийг будлиантуулдаг байдлаа зогсоох хэрэгтэй. Сонгуулийн дүн гаргах үйл ажиллагаа удааширж чирэгдэж байна. Энэ хугацаанд ноцтой нөхцөл байдал гарч болзошгүйг манай сонгуулийн штаб болон иргэд бухимдаж байна. Энэ асуудлаар СЕХ-ны удирдлагуудтай уулзая гэсэн боловч уулзахгүй байна. Сүүлийн хэдхэн минутын дотор МАН 10 гаруй мянган саналыг авч байгаа нь сонгуулийг луйвардах байдал явж байна. Сонгуулийн шударга явуулах бүх үйл ажиллагаанд хяналт тавьж тооллогыг ил тод байлгах хэрэгтэй” хэмээн мэдээлэл хийсэн.
Х.Баттулга: Дэмжиж ажилласан гадаад, дотоодод суугаа Монголчууддаа, “Монгол ялна
Сонгуулийн үр дүнгийн талаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга мэдээлэл хийсэн. Х.Баттулга "Дэмжиж ажилласан гадаад, дотоодод суугаа Монголчууддаа, “Монгол ялна” гэсэн уриаг итгэл үнэмшилтэйгээр хүлээж авсан, журмын нөхөддөө баярлалаа" хэмээн талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн. Харин намын дарга С.Эрдэнэ "Сонгуулийн штабыг Я.Санжмятав, Нийслэлийн сонгуулийг Д.Баттулга хариуцан ажилласан. Эмэгтэйчүүдээс УИХ-ын гишүүн З.Нарантуяа, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа нар хариуцан ажилласан. Сонгуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн хэвлэлийн хурлаар мэдээлнэ" гэв.
Ч.Содномцэрэн :Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий
Энэ удаагийн сонгуулиар "Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий. Үндсэн хууль нь нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй бол дахин санал хураана гэж бий. Сонгуулийн Ерөнхий Хороо 14 хоногийн дотор товыг зарлана. Олонхийн санал нь 50%+1 юм. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал асуулгад оруулна. Хоёр дахь санал хураалтад олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч гэж үзнэ хэмээн мэдээлэл хийв.