8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зориг агсны хэрэгийн шүүх хурал дахин хойшилж, Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчилсөн 7 хоног

2017-07-01 10:00:00

С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийн шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 24-25 жилийн ял аваад буйЦ.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүх хурал  өнөөдөр 09:00 цагт болох тов гараад байсан билээ. Гэтэл шүүх хурал өнөөдөр дахин хойшлогдлоо. Учир нь  Т.Чимгээгийн өмгөөлөгч н.Оюунцэцэг гадаадад эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд ирж амжаагүй байгаа юм байна.

Шүүх хурал тодорхойгүй хугацаараа ийнхүү хойшиллоо. 

Дахин санал хураалтыг ирэх сарын 7-нд явуулахаар боллоо

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явуулах товын асуудлаар хуралдаж, ирэх сарын 7-нд буюу баасан гарагт зохион байгуулахаар болжээ.

Уг нь СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дахин санал хураалтыг долдугаар сарын 9-нд явуулахаар товлосноо албан ёсоор мэдэгдсэн ч иргэдийн амралт, зугаалга, баяр наадмын цаг хугацаатай давхцаж байгаа тул өөрчлөх шаардлагыг улс төрийн намууд болон олон нийт тавьсны дагуу ийнхүү наашлуулжээ.

Харин гадаадад байгаа Монголчууд энэ сарын 4-нд буюу мягрмар гарагт саналаа өгөх хэвээрээ юм байна.

САЙН МЭДЭЭ: Харангадаж буй зээрнүүдийг аварч буй хамт олонд талархая

Дорнод аймгийн "Дорнын Их Гэгээ" компанийн хамт олонд баярлалаа гэж хэлье. Учир нь тус байгууллагын хамт олон харангадаж үхэж байгаа зээрнүүдийг аврах сайн үйлсийн ажил хийж байна. Тэд хоорондоо 10 км зайтай 2 усан сан хийсэн байна. Газрын тосны 19, 21-р талбайгаас тус тус 30-40 км зайд нийт дөрвөн усан сан байгуулсан байна. Эдгээр усан сан нь өргөөшөө 3-6 метр, уртаашаа 15-23 метр бөгөөд гүн нь 50 см орчим аж. Нэг усан санд дунджаар 30тн орчим ус орж байгаа гэнэ. Эдгээр усан сангаас гадна талд тогтсон цөөрмийн усны түвшинг нэмэгдүүлэхээр мөн худгаас ус зөөвөрлөж хийж байгаа аж.

Амралтын хоногийг урагшлуулж магадгүй

Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ажлын дөрөв хоног амрахаар байгаа. Учир нь хуулийн дагуу Үндэсний их баяр наадмаар ажлын 5 хоног амардаг бөгөөд энэ жилийн тав хоногийн амралтын нэг өдөр нь Бямба гарагт таарч байгаа юм. 

Гэхдээ Засгийн газар хуралдаж амралтын хоногийг урагшлуулах шийдвэр гаргаж магадгүй гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Хэрэв Засгийн газраас ажлын нэг өдрийг амралтын өдөр болгон зарлавал баярын дараа нөхөж ажиллана.

Сайн үйлс бүхэн нь арвижих болтугай. 

Хүчтэй салхинаас болж 125 сум тоггүй болжээ

Архангай, Булган аймаг нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд аваарь гарлаа. Нийт 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унасан бөгөөд зургаан аймгийн 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байна. 

Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болж зарим аймгийн  наадам тэмдэглэх хугацааны асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө. Тухайлбал:

  • Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж Баянхонгор аймгийн наадмыг долоодугаар сарын 21-22-нд,
  • Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай  байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд,
  • Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар боллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт болох 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр орон нутагтаа аймаг, сумын наадам хийхгүй байхыг аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо.

3 нэр дэвшигчийг УЯАЧ, ЖҮДОЧ, ФЭНГ ШҮЙ хэмээн гадны хэвлэл онцолжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд болж өнгөрсөн ч дахин санал хураалт болохоор болсон. Учир нь санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч 50%+1 болзолыг хангаж чадаагүй учраас дахин саналт хураалт долдугаар сарын 9-нд явагдахаар болж тов гараад байгаа билээ. Тэгвэл гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн анхаарлын төвд манай ерөнхийлөгчийн сонгууль орсон байна. Гурван нэр дэвшигчдын талаар олон улс хэрхэн дүгнэснийг цөөн мөрөөр хүргэж байна.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд:  Тэрбээр 52 настай. Төрийн албыг бүгдийг нь хашиж үзсэн. Гэхдээ  нэг ч удаа бизнес эрхэлж үзээгүй хэдий ч хэрхэн яаж сая, сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй болсныг нь онцолжээ. 60 тэрбум асуудал дурдагдсан байна.  

АН-аас нэр дэвшигч Х:Баттулга: Хамгийн сонирхолтой, содон нэр дэвшигч. Тэрбээр бизнес эрхлэгч зураач мэргэжилтэй, Самбо бөхийн дэлхийн аварга, тамирчин.  Дээд боловсролгүй хэдий ч сонгогчдынхоо дунд улсынхаа тэргүүлэх зочид буудал болон бусад хөрөнгийн эзэн болж хүндлэл хүлээсэн. Түүнийг ард түмэн нь Халтмаагийн гэхээсээ илүү Женко Баттулга хэмээн дууддаг. Женко хэмээх нэр “Загалмайлсан эцэг” киноны мафийн гэр бүлд зөвлөгөө өгдөг дүр.

МАХН-аас нэр дэвшигч С.ГанбаатарХуульч, үйлдвэрчний эвлэлийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан нэгэн. Түүний сонирхол нь гадаадын хөрөнгө оруулалтын ихэнх төрлүүдийг эсэргүүцдэг. Тэрбээр улс төрд орохоосоо өмнө Монголд фэнг шуйг дэлгэрүүлсэн нэгэн хэмээн гадны  хэвлэлд онцолжээ.

Хохирсон иргэдэд түр суурьшуулах сууцны гэрээг гардуулжээ

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ сарын 23-ны өдөр “Их Өргөө” ХХК-ны хэрэгжүүлж байсан БЗД 4 дүгээр хороо орчмын төслөөс болж хохирсон 64 айлын асуудлыг шийдвэрлэж түр орон сууцны гэрээг гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НГХДБГ-ын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам болон гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Эдгээр иргэдийн хувьд Нийслэлийн сүхбаатар дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг түр оршин суух зориулалтаар ашиглах юм байна.

7 настай хүүг захиалгаар хөнөөлгөсөн эмэгтэйд 23 жил хорих ял оноов

Дорнод аймгийн Хэрлэн суманд өнгөрсөн оны есдүгээр сарын 6-ны 16.30 цагийн үед долоон настай Т гэх хүү амиа алдсан хэрэг гарсан билээ. Хэдийгээр цахилгаанд цохиулж амиа алдсан гэж дуудлага өгсөн ч хэргийн газрын үзлэгээр бусдад хорлогдсон нь тогтоогдсон юм.

Хүүгийн аавтай дотно харилцаатай байсан, 1992 онд төрсөн З.Сэлэнгэ гэх эмэгтэй гэр бүлээс нь салгаж суухын тулд уг хэргийг сэдэж, 1998 онд төрсөн үеэл дүү П.Барсболд нь хүүхдийн амийг бүрэлгэсэн талаар тухайн үед хэвлэлээр мэдээлж байв. П.Барсболд өмнө нь хулгайн хэргээр хоёр удаа ял шийтгүүлж байсан юм. Дорнод аймгийн Прокурорын газраас З.Сэлэнгэд Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.4, 91.2.11, 91.2.15, 114.3 дахь хэсэгт заасан өс хонзон санаж, захиалгаар, урьдчилан үгсэн тохиролцож, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж, насанд хүрээгүй хүнийг уруу татаж, хүний амь бүрэлгэх гэмт хэрэг үйлдсэн, П.Барсболдод дээрх зүйл заалтаас гадна бусдын эд хөрөнгө хулгайлсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм байна.

Дорнод аймгийн Сум дундын анхан шатны шүүх энэ сарын 21-нээс хоёр өдөр уг хэргийг хэлэлцээд П.Барсболдыг 18 нас хүрээгүй байхдаа хүний амь бүрэлгэсэн хэрэг захиалгаар үйлдсэн, бусдын эд хөрөнгө давтан хулгайлсан гэм буруутайд тооцон 15 жил хорих ял оноолоо. Харин уг хэргийг захиалсан З.Сэлэнгэд 23 жил хорих ял шийтгэжээ. 

М.Энхболд: Би шударгаар өрсөлдөхийг уриалсан. Гэтэл миний уриалснаар болсонгүй

МАН-ын удирдлагууд болон тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд болон намын удирдлагууд  сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Нэр дэвшигч М.Энхболд “Сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнө би олон түмнээ, төрийн сонгуулиа хүндэлж, шударга өрсөлдөх уриалга гаргаж, нөгөө хоёр нэр дэвшигчдээ алд цэнхэр хадаг хүртэл хүргүүлж байлаа. Гэтэл миний уриалснаар болсонгүй. Энэ сонгууль иргэдийг өдөөн турхирсан, эвлүүлэг хэрээсээ хэтэрсэн, гүтгэн доромжилсон, орон нутагт тэрбум тэрбумаар нь мөнгө тээвэрлэсэн, гадаадаас сая саяаар нь хандив авсан сонгууль боллоо. Би үүнд харамсч байна. Ийм ч учраас дахин санал хураалт болох үндэслэл боллоо гэж харж байна. Манай нам улс төрийн өндөр соёлтой нам. 

Сонгуулийн үеэр янз бүрийн мэдээлэл, эвлүүлэг явсан. Тэр бүрт нь тайлбар хэлсэн.  Улс орны нөхцөл байдал, үндэсний их баяр наадмаа ч бодсон долдугаар сарын 09-нд хуулийн дагуу зохион байгуулж, ард түмэн санал хураалтад идэвхтэй оролцож, тухайн өдрөөр дуусгавар болох нь зүйтэй гэж бодож байгаа. Иргэд, олон түмэн минь сонгуульдаа идэвхтэй оролцож, сонгуулиа үр дүнтэй болгоё гэж уриалж байна”  гэв.  

С.Ганбаатар: Тэдэнд мөнгө, надад Монголын ард түмэн байна

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар болон намын нөхөд нь мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн С.Ганбаатар, намын дэд дарга Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж болон сонгуулийн штабынхан оролцлоо. МАХН-ын зүгээс “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл боллоо. Бид цаашид СЕХ-той тууштай тэмцэх болно" гэв.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: Тэдэнд мөнгө, надад Монголын ард түмэн байна

СЕХ 35000 амьгүй албатуудыг шинээр бий болгосон. Монголын ард түмэн ардчиллаа аврахын төлөө үүнтэй эвлэрч болохгүй. Бидэнд баримтаар нотолсон олон жишээ байна. Олон жил даварч байна. Бид тэмцлийн замаасаа ухрахгүй. СЕХ шударга ажилладаг болтол нь тууштай зүтгэнэ. Биднийг дэмжсэн сонгогч түмэн олондоо баярлалаа. Энэ бол зөвхөн Ганбаатарын сонгууль байсангүй.Бид үндсэндээ ялсан.  Бид хамгийн цэврээр өрсөлдсөн. Ажилгүйдэл, ядуурал яагаад үүссэн бэ хэрхэн үүнийг даван туулах вэ гэдгийг ярьсан. Тэрнээс цусны асуудал, гэр бүлийн талаар нэг ч үг дуугараагүй. Хамгийн гол нь энэ удаагийн сонгуульд МАНАН дотроосоо нурж байгааг харууллаа. Тэдэнд анхааруулга өгсөн сонгууль боллоо. 420 гаруй мянган сонгогчдодоо баярлалаа.Тэдэнд мөнгө байна. Надад Монголын ард түмэн байна” хэмээн хэллээ.

Ц.Шаравдорж: Сонгуулийн дүнг хүчингүй болгож дахин санал хураалт явуулахыг шаардаж байна

Сонгуулийг хараат бусаар зохион байгуулах ёстой Сонгуулийн ерөнхий хороо эрх баригчийн талд илт үйлчилж МАНАН-ын талд хууль бус шийдвэр гаргахаар ажиллаа.
СЕХ нь УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулсан хууль бус үйлдлийг удаа дараа гаргалаа. Ерөнхийлөгчийн сонгуулийг гадны олон орны ажиглагчид ажиглаж байсан. Гэтэл Монгол улсын нэр төрийг шившигтэйгээр унагаж, Монголын ардчиллыг гутааж байна. СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн та шөнийн 24 цагт мэдээллэхдээ нийт сонгогчдын тоог 1.327.634 гэсэн. Гэтэл эцсийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгад 517.478 хүн, Монгол ардын намаас нэр дэвшигч М.Энхболдод 411.748 хүн, Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшигч С.Ганбаатарт 409.899 санал авсан гэж мэдээллээ. Ингэснээр нийт 39 мянга гаруй санал нэмэгдэж, саналын зөрүү гарч байгаа нь МАНАН-ын нэр дэвшигчдэд ашигтайгаар гаргасан гэж харж байна.
Саналын зөрүүг харуулсан энэ тоо баримт бол Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулах хангалттай баримт тул уг сонгуулийн дүнг хүчингүй болгож дахин санал хураалт явуулахыг шаардаж байна. Сонгуулийн ерөнхий хороо нь дахин санал хураалтын хугацааг долдугаар сарын 9-нд гэж товлон, яаран сандран мэдэгдсэн нь сонгуулийн луйвраа хурдан түргэн нуух гэсэн арчаагүй алхам гэж үзэж байна хэмээн мэдээлэл хийлээ. 

Х.Баттулга: Дэмжиж ажилласан гадаад, дотоодод суугаа Монголчууддаа, журмын нөхөддөө баярлалаа

Яг одоо Ардчилсан намынхан мэдээлэл хийж байна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга "Дэмжиж ажилласан гадаад, дотоодод суугаа Монголчууддаа, “Монгол ялна” гэсэн уриаг итгэл үнэмшилтэйгээр хүлээж авсан, журмын нөхөддөө баярлалаа" хэмээн талархсан сэтгэгдлээ илэрхийллээ.

Хэдэн настайдаа тэтгэвэрт гарахаа өөрөө сонгодог болно

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцааг бусад хуулиудаар зохицуулж байгааг нэг мөр болгох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй, ил тод удирдах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа юм. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ба тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар "эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй" байхаар зохицуулах юм.

Үүнтэй уялдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг одоогийн хуулийн заалтыг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хүчингүй болгож, ажилтан өөрөө хүссэний дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байхаар Хөдөлмөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулна. Өөрөөр хэлбэл даатгуулагч цаашид ажиллах сонирхолтой бол үргэлжлүүлэн ажил хөдөлмөр эрхлэх эрх нь нээлттэй байх юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хүнийг ямар байлгая гэвэл өөрөө тийм бай гэдэг. Энхболд хамгийн шудрага бус байхад бусад нь шудрага байвал сүрнэ биз дээ.
2017/07/01 182.160.5.114
  • Recent
  • Most Read
  • Most Comment