ГССҮТ-ийн эмч нар осолд орсон талаар тус эмнэлгийн удирдлага мэдээлэл хийсэн юм. ГССҮТ-ийн эмч нар ээлжийн амралтаараа долоодугаар сарын 1-нд Эрдэнэ зуу хийд орчихоод 2-ны өдөр Улаанбаатар уруу буцаж ирэх замдаа Элсэн тасархайн орчимд өдрийн 15:00 цагийн орчимд автобустай мөргөлдсөн осол гарсан гэдгийг мэдээллийн эхэнд онцолсон юм. Мөн ослын улмаас Toyota Prius маркийн машиныг жолоодож явсан эмчийн биеийн байдал хүнд байна. Машин дотор явсан бусад дөрвөн эмч гэмтэл бэртэл авсан. Тухайн үед нь анхны тусламж үзүүлсэн. Нэг эмч хавсарсан хүнд гэмтэлтэй сэхээн амьдруулах тасагт, гурав нь энгийн тасагт хэвтэж байна. Нэг нь мэс засалд орсон. Хүний амь нас эрсдээгүй юм байна.
Тус автобусны жолооч зүйрмэглэж яваад урсгал сөрж урдаас нь мөргөсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. Тэгвэл эл хэргийн талаар олон нийтийн цахим сүлжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар сонгуулийн сурталчилгаа хийхээр өнгөрсөн баасан гаригт орон нутгийг зорьсон мэдээлэл гарсан юм. Үүнийг мэдээлэл хийсэн ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан "Манай эмч нарыг сонгуулийн сурталчилгаанд явж байгаад амиа алдсан мэтээр ярьж байна. Бид эмч нарынхаа амь насыг аврахаар ажиллаж байгаа энэ хэцүү үед хүний амиар улстөржиж байгаад харамсаж байна" гэсэн тайлбар өглөө.