8o
Улаанбаатар хот
mobile menu

МОНГОЛЧУУДТАЙ НАЙМАА ХИЙЖ БОЛДОГГҮЙ

2017-07-04 15:41:03

УИХ-ын чуулганаар олонхоороо хүч түрэн “Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн өмчид авах тогтоолын төсөл баталснаас таван сарын дараа тус  үйлдвэрийн 49 хувийг  хувийн компанид шилжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг шүүхээс гаргаад байна. Энэ нь УИХ хууль бусаар бусдын өмчийг булааж авсныг шүүхээс нотолсон гэсэн үг. Харин УИХ-ын тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж “Эрдэнэт”-ийн жагсчээ.  Уг нь  УИХ хууль баталдаг институци болохоос шүүх биш.  Шүүх баталсан хуулийнх нь дагуу аливаа асуудал, хэн нэгний  гэм бурууг нь тогтоодог чиг үүрэгтэй байгууллага шүү дээ.  Шүүхээс бол УИХ-аас гаргасан “Эрдэнэт”-ийн тогтоолыг хууль бус л гэж үзэж.  Гэтэл ямар учраас  Ногоон намын дарга О.Бум-Ялагч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргадаг ч юм, бүү мэд.

“Эрдэнэт” үйлдвэрийн захиргаа хүний нөөцийн орлогч Д.Мөнхболд “Хүмүүсийн сэтгэл айдастай байна. Ажлаас халагдах вий гэж айж байгаа” талаар хэвлэлд ярилцлага өгч. Аргагүй шүү дээ, “Эрдэнэт” эрх баригчдын хамаатан садан, найз нөхдөөр дүүрсэн, ажилгүй болох вий гэж айж байгаа нь намчид, дарга нар л байгаа байх. Шахаа, шантааж нь алга болно гэж эмээж байгаа байх. Мэдээж, шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол давж заалдах шатны шүүхэд хандах эрх тэдэнд байгаа.

Оросын “Ростех” компанийн мэдэлд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс компани” худалдаж авсан асуудал  өнгөрсөн оны өдийгөөс эхлээд бүтэн нэг жил улстөрчдийн, улс төрийн намуудын “могойд барьдаг”  мод болж хувирсан.  Ёстой л “Амар байна уу гэсэн биш гай болов” гэгчээр  “Эрдэнэт”-ийг зуун хувь  Монголд авч ирсэн биш хулгайч, худалчаараа дуудуулж, эцэстээ өмчөө дээрэмдүүлээд үлддэг нь  хаанахын хууль вэ?

“Оросууд 49 хувиа монголчуудад биш казакуудад зарчихсан бол яах байсныг бүү мэд. Ямар ч байсан Казакстаны хоёр компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах сонирхлоо оросуудад илэрхийлж байсан л гэсэн сураг дуулдсан.

Ийнхүү “Эрдэнэт” сүүлийн хоёр сонгуулийн гол том хэрүүлийн сэдэв болж байна. Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг, Монголын топ татвар төлөгч үндэсний ганц үйлдвэр маань шүү дээ.

Намууд нэр дэвшигчээ тодруулсан тавдугаар сараас хойш бүтэн хоёр сар монголчууд улс төржлөө.  Хоёр талд гараад хоёр сар “байлдлаа”, монголчууд.  Энэ их улстөржилт цаашдаа Монголын хөгжил, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэхээр болж. 

Ямар ч хамаагүй аргаар эрх мэдэлд хүрэх гэсэн нэр дэвшигчид  улс орныхоо эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа, хөрөнгө оруулалтаараа туг тахих нь холгүй байна. 

Төсвийн алдагдал нь хагас тэрбумд хүрсэн / тавдугаар сарын байдлаар/, эдийн засаг тогтворжсон ч гадаадын хөрөнгө оруулалт сэргээгүй, гадаад өрийн хэмжээ таазаа хэдийнэ давчихсан нөхцөлд  “Эрдэнэт”-ийн асуудлаар төр ба хувийн хэвшил хамтраад шийдлээ олж чадвал гадаад зах зээлд сайн сигнал болж чадна. Харин шүүхийн шийдвэрийг төр нь үл хүндэтгэх аваас бид гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдаа үргээж ч мэдэх юм.

Учир нь бидний энэ их улс төржилт “Монголчуудтай наймаа хийж болохгүй” гэсэн ойлголтыг хөрөнгө оруулагчдад төрүүлж мэдэхээр, бүр улсаа  доог тохуу болохоороо нэг боллоо.

Бүх зээлээ төрөөр төлүүлээд, бүх компаниа зуун хувь төрдөө аваад буцаад социализм руугаа үсрэх үү, ингэхэд?

Ж.ЭРХЭС

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эн
Тийи шүү
2017/07/04 202.179.31.110
  • Recent
  • Most Read
  • Most Comment