Иргэдийг орон сууцтай болгох зорилтын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг нь “Буят-Ухаа” хороолол билээ. Хамгийн хямд өртөгөөр хамгийн чанартай барилга баригдсан хэмээж, иргэдийг сугалаа суглуулж тус байранд оруулсан билээ. Тухайн үед байрын үнэ өртөг өндөр байсан тул сая 280 мянган төгрөг гэдэг зарим иргэдэд томоохон боломж байсан юм. Гэвч энэхүү бага өртөгөөр байраа зарсаныхаа ашгийг машины гараажаасаа авахаар тооцжээ. Өөрөөр хэлбэл "Буянт-Ухаа 1" хорооллыг ашиглалтад орох үед гараажийн үнийг 20 сая төгрөгөөр тогтоож, иргэдэд худалдсан байна. Мэдээж, хотоос зайдуу, бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны гараажны энэ үнэ хэт өндөр байсан тул ихэнх нь борлуулагдалгүй жил тойрчээ. Тиймээс ТОСК-оос гаражаа борлуулахын тулд үнийг хямдруулж, төлбөрийн нөхцөлөөс хамааран 12-14 сая төгрөг болгосон аж. Гарааж хямдрахаас өмнө уг байгууллагаас 43 иргэн 20 сая төгрөгөөр худалдан авсан байжээ. Ийнхүү үнэдээ өөрчлөлт оруулсныхаа дараа өндөр үнээр худалдан авсан иргэдэд зөрүүг олгоно гэж мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл 6-8 сая төгрөгийг буцааж олгохоор шийдвэрлэж, энэ дагуу иргэд өргөдлөө ТОСК-ийн Удирдах зөвлөлд гаргажээ. Харамсалтай нь ТОСК-ийн Удирдах зөвлөл "Зөрүү мөнгийг өгөх үндэслэлгүй" гэж үзсэн хэмээн, олгохоос татгалзжээ. Ийнхүү Буянт-Ухаа 1 хороололд гарааж худалдан авсан 43 иргэн доод тал нь 6 сая төгрөгийн хохирол хүлээгээд байгаа юм байна.
"Буянт-Ухаа 1" хороолол ашиглалтанд орсон цагаасаа эхлээд л хэл ам дагуулсан. Өвөл нь цонх нь цантаж, зарим айлын ханын цаас нь хууларч, азаар авсан байр нь авах ч биш байх биш болчихсон. Үүний дараа ТОСК зарим айлд засвар хийж өгсөнөөр энэ асуудал тэгс гээд намжсан ч энэ жил бас л хэл ам гарсаар байгаа. Гэтэл өнөөдөр тэд маш өндөр үнээр гарааж худалдаж авсан иргэд рүүгээ ийнхүү “нулимжээ”. Үнэтэй гараж худалдаж авсан нь тэдний хохь болоод үлдэж байна. Иргэдэд өндөр үнээр худалдчихаад дараа нь үнэ цэнийг унагасан ТОСК-ийн энэхүү үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэх иргэд ч байна.