8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 2 аймагт газар хөдлөлт болж, Хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдэд нөхөж олгохоор болсон өдөр

2017-07-05 18:35:00

Эрхэм уншигч та бүхэнд оройн мэнд х үргэе. Өнөөдөр төлөвлөсөн ажил нь бүтэмжтэй байж, амжилт дүүрэн байхыг хүсье. Өнөөдрийн амжилтыг бүтээнэ гэдэг таны маргаашийн өнгө юм. Тиймээс өдөр бүрийг сайхнаас угтаж өнөөдрөөс илүү маргааш биднийг хүлээж байгаа гэдгийг энд онцолмоор байна. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг "Монголын нэг өдөр" тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй болгочих нь яасан юм

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар АН, тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын амлаж буй ард түмний өрийг тэглэнэ гэх амлалтын талаар байр сууриа илэрхийлсэн юм. 
 

Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй болгочих нь яасан юм


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Өчигдрөөс  эхлэн АН-ынхан иргэдийн өрийг цайруулна гэсэн зүйл яриад эхэллээ. АН-аас Ерөнхийлөгчид Ц.Элбэгдорж найман жил суулаа. Дөрвөн жил АН Засгийн эрх барьсан. АН ард түмэндээ үнэхээр хайртай байсан юм бол эрх барьж байх үедээ өрийг нь хүчингүй болгочих нь яасан юм. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүмүүс ард иргэдийг дандаа хуурдаг. 2016 онд Эх орны хишиг тараана гэж Ц.Элбэгдорж цамнаж эхэлсэн. Найман жил Ерөнхийлөгч хийхдээ эх орны хишгийг ард түмэндээ өгөх ганц ч алхам хийсэнгүй. 2007 онд орчуулагч Н.Энхбаяр бас эх орны хишиг хүртээнэ гэж хэлсэн. Н.Энхбаярын нам эрх барьж байхдаа Эх орны хишгийг ард түмэнд тараах талаар юу ч хийгээгүй, бултсан. Одоо энэ дунд сургуулийн боловсролтой, зураач этгээд Ерөнхийлөгчид нэр дэвшчихээд иргэдийн өрийг тэглэнэ гээд эхэллээ. Энэ нөхөр сайд байсан шүү дээ. Х.Баттулга сайд байхдаа ард түмнийхээ өрийг дарж байх нь яасан юм бэ. Сайд хийж байгаад Засгийн газраа “өшиглөөд” унагачихсан шүү дээ. Ард түмний саналыг луйвардаж авахын тулд илэрхий залилан хийж байна. Ингээд харахад тоглоом ч юм шиг сэтгүүлч, орчуулагч, дунд сургууль төгссөн зураач гурав Монголын төрөөр арав гаруй жил тоглож байна. Х.Баттулга Ерөнхийлөгч болбол иргэдийн өрийг цайруулна гэж байхгүй. Энэ чинь яг нарийндаа Х.Баттулгыг нэр дэвшигчээс татах үндэслэл болно. Мөн Солонгосоос 50 сая вон авсан гэх этгээд баахан цамналаа. “Би зохион байгуулалттай зүйлд орчихлоо” гээд байгаа. Мөнгө авснаа үгүйсгэж чадахгүй байдаг. Гэрийнх нь хаалгыг АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд нар тайлаад өгчихсөн юм уу хаашаа юм. Тэгээд ард түмний цагаан хуудас өгье гээд уриалаад байдаг. Нарийн ярих юм бол С.Ганбаатар ч нэр дэвшигчээс татах болзол хангасан хүн. 
 

Ч.Хүрэлбаатар: Гоё нэрийн дор өөрсдийнхөө хулгай, өрийг төлье гэдэг зүйл явж байна

Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Ч.Саранзаяа: Нэг ч гэрчийн мэдүүлэг аваагүй байж яаж хэргийг хэрэгсэхгүй болгож чадаж байна аа

УИХ-ын гишүүн Д.Гантулгын холбогдоод байгаа хүчингийн хэргийн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Энэ хэргийг хохирогч бүсгүй нь эгч дахин өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Намайг Чамбуугийн Саранзаяа гэдэг. Миний аав ээж хоёр амьд мэнд Булган аймгийн Дашинчилэн суманд амьдардаг. Манай дүүг Ч.Наранзаяа гэдэг. Бид хоёр дээрээ гурван ахтай. Би энэ асуудлаар анхнаасаа хэвлэлээр биш хуулиараа явна гэж бодож байсан. Гэтэл сүүлдээ энэ хэрэг замхрах гээд, эцэстээ хүн гүтгэсэн хэрэгт холбогдох гээд байсан болохоор хэвлэлийхэнд хандсан. Мөн Сарангэрэл гэж хүүхэнтэй эгч дүүс гэж бичээд байсан. Энэ бол худлаа. Тиймээс л би энэ удаад царайгаа ил гаргаж байна.  

Шүүх эмнэлэг манай дүүгээс арчдас, цагаан хэрэгсэл цусны шинжилгээ авсан. Гэвч шүүх эмнэлэгт өгсөн бүх нотлох баримтыг устгасан. Шүүх эмнэлэг дээр шинжилгээ хийгээд эр бэлгийн эс илэрсэн гэсэн дүн гарсан талаар надад баттай эх сурвалж хэлж байсан ч яг бичгээр дүгнэлт нь гарч ирэхдээ ямар ч эр бэлгийн эс илрээгүй гэж гарч ирсэн. Ингээд энэ бичиг нь Баянзүрх дүүргийн прокурорт шилжээд хэргийг нь ямар ч үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон байна. Хэргийн эд мөрийн баримтуудыг авч явж шинжлүүлээд хэргийг хэрэгслэхгүй болгосоны дараа дүүгийхээ турсик, хөнжил цагаан хэрэслийг авъя гэхэд цагдаа нар өгөхгүй гэж байснаа арайхийж өгөхөд нь тал талаас нь хайчлаад авчихсан байсан.  Нэг ч гэрчийн мэдүүлэг аваагүй байж яаж хэргийг хэрэгсэхгүй болгож чадаж байна аа гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Уралдаанч хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулна

Улсын баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулахаар болжээ.  “Хүй долоо худагт уралдах морьдоо уяачид долдугаар сарын 9-ний өдөр бүртгүүлнэ. Монголын морин спорт уяачдын холбоо, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/ 10 цэгт уралдаанч хүүхдүүдийг ачаалал үүсгэхгүйгээр бүртгэхээр төлөвлөж байна гэж ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх тайлбарлав. Өөрөөр хэлбэл, уяачид морьдоо бүртгүүлэхээр ирэхдээ уралдаанч хүүхдээ заавал өөрийн биеэр нь дагуулж ирэхээр болжээ.  Мөн хүүхэд хурдан морь унахдаа заавал хамгаалалтын хувцас өмсч, даатгалд хамрагдсан байх дүрэмтэй.

Харин энэ жил уралдаанч хүүхдийг дан ганц төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэрээр  бус давхар цахим бүртгэлд хамруулах юм байна. Зөвхөн уралдаанч хүүхэд гэлтгүй хөдөлмөр эрхэлдэг, асрамжид байдаг, хараа хяналтгүй  зэрэг төрийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай хүүхэд бүрийг ийнхүү цахим бүртгэлд хамруулж байгаа аж. Энэ бүртгэлд дээрх эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдээс гадна  зуслан, дугуйлан сургалт, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийн нэгдсэн мэдээллийн сан бий болох нь.

Улсын хэмжээнд долоогоос дээш насны 7000 гаруй уралдаанч хүүхэд морь унадаг гэсэн судалгаа байдаг бөгөөд цахим бүртгэлд хамруулсанаар  тэдний амжилт, бэртэл гэмтэл, хичээлийн хоцрогдол, даатгалын нөхөн төлбөрт хамрагдалт зэрэгт хяналт тавих боломж бүрдэх юм.

Өнөөдрөөс хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдэд  нөхөж олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд  нөхөж олгох шийдвэрийг гаргалаа.

-Монгол Улсын эдийн засаг хямралтай хүндхэн үед Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахыг тус сангийн зүгээс Засгийн газарт чиглэл болгож байсны нэг нь хүүхдийн мөнгөний асуудал. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох чиглэл өгч байсан. 2017 он гараад хагас жил гаруй болж байна. Энэ хугацаанд Монголын эдийн засагт ногоон гэрэл асч, эдийн засгийн уналтыг хязгаарлаж, зогсоож чадлаа. Өнөөдрийн байдлаар эдийн засаг 4-4,5 хувийн  өсөлттэй, 500 тэрбум төгрөгийн давсан орлоготой байна. Сүүлийн 4-5 жилд анх удаа төсвийн орлого давж байна. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэгэхээр энэ давсан орлогоосоо энэ хугацаанд хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгож, мөн цаашид бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох аж.   Энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхлэх аж. 

Энэ сарын 10-ны ажлын өдрийг 16-ны Ням гарагт шилжүүллээ

Засгийн газрын хуралдаан болж иргэд наадмаар хэрхэн амрах талаар хэлэлцжээ. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2017 оны 07 дугаар сарын 10-ны даваа гарагийн ажлын өдрийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны ням гарагийн амралтын өдөрт шилжүүлэв. Өөрөөр хэлбэл 2017 оны 07 дугаар сарын 16-ны ням гараг ажлын өдөр байхаар Засгийн газар шийдвэрлэлээ.

Ингэснээр иргэд даваагаас бямба гараг хүртэл амарч, ням гарагт нөхөн ажиллах нь ээ.

Наадмын тасалбарыг 8, 9-нд Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил төвүүдэд худалдаална

Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалах гэж байна. Өнгөрсөн жилүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалдаалдаг байсан ч иргэдээс маш их гомдол ирдэг байсан юм. Иймээс энэ жил иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд ийм шийдвэр гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Өмнө нь 2 цэгт тасалбар борлуулахад иргэд хонож дугаарлан, бухимдал маш их үүсдэг байсан. Энэ жил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбараар худалдаалснаар иргэд өөрийн амьдарч байгаа дүүргийнхээ нутаг дэвсгэрт ойролцоо цэгээс авах боломж бүрдэнэ. Иргэдэд илүү хүртээмжтэй байна гэж бид үзэж байна. Мөн тасалбарыг дамалж худалдаалах байдал намжина гэж тооцоолсон. Цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо бага. Нийслэлийн иргэд олон учраас бид иргэдэд аль болох хүртээмжтэй байхыг нь бодож өмнөх жилүүдийн адил 1 хүнд 2 тасалбар худалдаална” гэлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн нийт 12 мянга 300 орчим суудалтай. Нийт борлуулах тасалбараас 3000 гаруй нь жуулчдад зориулсан бол үлдсэн 9000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулах юм байна.

Баяр наадмын тасалбарын үнийн хувьд 7 дугаар сарын 11, 12-ны өдрийн багц тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй байх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Маргааш зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна

Маргааш СЕХ-ноос зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна. Сонгуулийн тухай хуулийн дагуу, эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй болон захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хоригдсон, Дайчилгааны тухай хуулиар нийтийн дайчилгаанд хамрагдсан иргэд ийнхүү зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд гадаадад байгаа иргэдийн саналаа өчигдрөөс эхэлж өгсөн бөгөөд санал авах ажиллагаа өнөөдөр 22 цагт дуусна. 

ОРОН НУТАГ: Хоёр аймагт газар хөдөлжээ

Өчигдөр буюу долдугаар сарын 04-ний өдөр Өмнөговь болон Баянхонгор аймагт газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал,  Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Цагаан толгой” гэдэг газар өчигдөр 09:40 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Мөн Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Айраг багийн “Зоогийн зуух” гэдэг газар 11:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн үеэр чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч ямар нэгэн хохирол учраагүй, хүн гэмтээгүй гэдгийг эх сурвалж онцолжээ. 

АНХААР: Зам тээврийн осолд 4 хүүхэд өртжээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 386 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 297 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн. Үүнээс 4 хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртсэн байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 44 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. 

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 6 ослын улмаас 5 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон, мөргөлдсөн 9 ослын улмаас 5 хүн гэмтэж бэртсэн хэргийг Замын цагдаагийн алба шалгаж байна. Орон нутагт явган зорчигч мөргөсөн 1 ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна. 

Хоригдлуудын ялаас дээд тал нь 10 жил хасагджээ

Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Үүнтэй холбогдуулан 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэж хорих ял эдэлж буй ялтнуудын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, шинэ хуулийн зүйл заалтад хамруулах ажил зохион байгуулагдаж байна. Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын  харъяа Хорих 427 дугаар ангид нийт 393 ялтан хорих ял эдэлж байна. Эдгээр ялтнуудын ялын хэмжээ, хязгаарыг шинэ эрүүгийн хуулинд хамруулах шүүх хуралдааныг тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны дөрвөн шүүгч даргалж, прокурорын газрын дөрвөн прокурор оролцож байна.

2017 оны долдугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хорих ялаар шийтгүүлсэн нийт 266 ялтныг шинэ хуулинд хамруулан шүүхээр шийдвэрлүүлсэнээс нийт 63 ялтан суллагдаж, 196 ялтны хорих ялын хэмжээг дүйцүүлэн хасчээ. Харин шинээр батлагдсан хуульд хорих ялын дээд, доод хэмжээ нь нэмэгдсэн гэмт хэрэг үйлдсэн долоон ялтны өмнө нь оногдуулсан хорих ялыг хуулийн тэгшитгэлд хамруулаагүй байна.

Шинээр батлагдан мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар тухайн ялтны өмнө  үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын дээд, доод хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон ялын хэмжээнд  нийцүүлэн хасна гэж заасны дагуу хуулийн тэгшитгэлд хамрагдаж хорих ялын хэмжээг багасгасан 296 ялтны хорих ялаас дээд тал нь 10 жил 05 сар 28 хоног хасагдсан бол доод тал нь 04 сар 27 хоног хасагджээ. Цаашид тус дүүргийн шүүх, прокурорын байгууллагууд шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх ажлыг үргэлжлүүлэх бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад байгаа эрүүгийн хэргүүдийг хуулийн тэгшитгэлд хамруулах ажил  зохион байгуулагдаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл