Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд сар бүр олгох зорилтыг тусгасан. Уг зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын 2017 оны төсөвт 660 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр олгохоор 161.5 тэрбум төгрөгийг тусгаад байгаа юм. Эхний ээлжинд хүүхдийн мөнгийг амьжиргаа багатай зорилтот өрхийн 660 мянган хүүхдэд сар бүр 2017 оны зургадугаар сарыг дуустал олгоод байгаа билээ.
Тэгвэл эдийн засгийн өсөлтийн үр дүнд 2017 оны төсвийн орлогын төлөвлөгөө давж биелэн төсвийн зорилтот үзүүлэлтүүд сайжрах төлөвтэй байгааг харгалзан Засгийн газраас Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрт мөнгийг нь олгохоор шийдвэрлэсэн.
Үүний дагуу өчигдрөөс /07.05/ эхлэн хүүхдийн мөнгөө аваагүй байсан 400 мянга орчим хүүхдийн 2017 оны I-VII сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгож эхэллээ. Өөрөөр хэлбэл, мөнгөн тэтгэмжээ аваагүй байсан хүүхэд бүрийн 140 мянган төгрөгийг өмнө нь авч байсан арилжааны банкны дансаар нь дамжуулан шилжүүлсэн байна. Ингэснээр бүх хүүхэд мөнгөө авах боломж бүрдэж буй юм.
Өнгөрсөн хугацаанд шинээр төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эцэг, эх нь өөрт ойрхон арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлж хүүхдийн мөнгөө авах боломжтой аж.