Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд олгох, өнгөрсөн 7 сарын мөнгийг нөхөж олгох шийдвэр гарсан. Энэ дагуу ХНХЯ түргэн шуурхай ажиллаж, хүүхдийн мөнгийг олгохоор болоод байгаа. Одоогийн байдлаар Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам болон Сангийн яамны зүгээс Монголбанк руу нийт 48.4 тэрбум төгрөг шилжүүлээд байгаа аж. Энэ дагуу хүүхдүүдийн данс руу мөнгө нь ороод эхэлжээ.
Энэ оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг 403 мянга 445 хүүхдэд нөхөн олгож байгаа аж.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Маш олон данс руу шилжиж байгаа учраас гүйлгээний хувьд бага зэргийн асуудал гарч байгаа. Өнөө оройны 17:00 цаг гэхэд нийт 403 мянга 445 хүүхдийн мөнгө шилжиж ороод дуусна. Үүнээс гадна хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдүүдийн долдугаар сарын мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож байна. Энэ нь 18.7 тэрбум төгрөг болсон. Тийм учраас маргааш өдрийн 12:00-13:00 цагт бүх хүүхдүүдийн мөнгө дансандаа бүрэн орж дуусна" гэв.
Мөн шинээр төрсөн хүүхдүүдийн хувьд данс нь нээгдээгүй учраас маргаашийн дотор дурын банкандаа очиж өргөдөл бөглөөд, дансаа нээлгэж хүүхдийн мөнгөө авах юм байна.