8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Зөөврийн хайрцгаар санал авч, Наадмын түрүү бөхийн шагналыг зарласан өдөр

2017-07-06 18:40:00

Эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авна уу. Тоймоо хүргэхийн өмнө бяцхан мэдээлэл хүргэхэд Маргааш Монгол Улсын 5 дахь Ерөнийлөгчийг сонгох  хоёр дахь шатны санал хураалтын явагдана. Монгол Улсын иргэн та Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэл, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам 
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам 
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам 
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам айсуу. Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай.

Хүүхдийн мөнгийг өнөөдөр 17.00 цагт бүрэн олгож дуусна

Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд олгох, өнгөрсөн 7 сарын мөнгийг нөхөж олгох шийдвэр гарсан. Энэ дагуу ХНХЯ түргэн шуурхай ажиллаж, хүүхдийн мөнгийг олгохоор болоод байгаа. Одоогийн байдлаар Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам болон Сангийн яамны зүгээс Монголбанк руу нийт 48.4 тэрбум төгрөг шилжүүлээд байгаа аж. Энэ дагуу хүүхдүүдийн  данс руу мөнгө нь ороод эхэлжээ.

Энэ оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг 403 мянга 445 хүүхдэд нөхөн олгож байгаа аж. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Маш олон данс руу шилжиж байгаа учраас гүйлгээний хувьд бага зэргийн асуудал гарч байгаа. Өнөө оройны 17:00 цаг гэхэд нийт 403 мянга 445 хүүхдийн мөнгө шилжиж ороод дуусна.  Үүнээс гадна хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдүүдийн долдугаар сарын мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож байна. Энэ нь 18.7 тэрбум төгрөг болсон. Тийм учраас маргааш өдрийн 12:00-13:00 цагт бүх хүүхдүүдийн мөнгө дансандаа бүрэн орж дуусна" гэв. 

Мөн шинээр төрсөн хүүхдүүдийн хувьд данс нь нээгдээгүй учраас маргаашийн дотор дурын банкандаа очиж өргөдөл бөглөөд, дансаа нээлгэж хүүхдийн мөнгөө авах юм байна. 

Санал өгөх газраа яаж мэдэх вэ

Маргааш Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад явагдана. Хэрвээ саналаа хаана өгөхөө мэдэхгүй байгаа бол Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан дараах мэдээллээр сонгууль өгөх хэсгийн байршил, мэдээллийг аваарай. Та ЭНД дарж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн дугаар, байршлаа мэдэх боломжтой юм. 

“Баярс гоулд” бичил уурхайд 10-15 метрийн гүнд нуралт үүсч 3 хүн амиа алджээ

Бичил уурхайд нуралт үүсч хувиараа алт олборлож байсан иргэд нурангад дарагдсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн төвөөс 75 км зайтай орших Уянга сумын “Бөөрөлжүүт” 6-р баг “Бөөрөлжүүтийн гол” гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн О-ын “Баярс гоулд” бичил уурхайд 10-15 метрийн гүнд нуралт үүссэн байна. Нуралтын улмаас хувиараа алт олборлогчид нурангид дарагдсан аж. Улмаар 4 хүнийг амьд, 3 хүнийг нас барсан байдалтайгаар гаргаж аваад байна. Тухайн үед уг ослын газар хэдэн хүн байсныг мэдэх боломжгүй байгаа тул эрлийн ажил үргэлжилж байна. Энэ тухай дуудлага өнөө өглөө   /05:10 цагт/ Өвархангай аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Д.Гантулга: Би Иргэн Ц-ийнд хоносон, гэхдээ өглөө гараад явсан

УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд мэдээлэлээ.   Түүнийг хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл ойрын өдрүүдэд олны анхаарлын төвд өртөөд байгаа билээ. Тэрбээр  “Би орон нутагтаа ажиллаж байгаад ирээд, өнөөдөр мэдээлэл хийж байна. Хэргийн тухайд би цаг тухай бүрт нь хуулийн байгууллагад очиж тайлбар өгсөн. Хүмүүс намайг яагаад тайлбар хэлэхгүй байна гээд буруутай юм биш үү гэсэн бодлоор хараад байх шиг байна” гэсэн юм. Мөн өөрийгөө хүчирхийлэгч биш, харин энэ бүхнийг зохион байгуулж байгаа олигархи хүчин бол жинхэнэ хүчирхийлэгч. Тэд залуу улстөрчдийг хүчирхийлж байна.

Би  зургадугаар сарын 11-ний орой би "Энкэнто таун"-ы саунд байсан. Надаас гадна маш олон сэтгүүлчид, залуус байсан. Орой нь би Иргэн Ц-ийнд хоносон, гэхдээ өглөө гараад явсан. Энэ бол улс төр орж ирсэн зохион байгуулалттай зүйл” гэлээ. 

Гадаадын 80-аад, дотоодын 500 гаруй сэтгүүлч баяр наадмыг сурвалжилна

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр Үндэсний их баяр наадмаар хэвлэл мэдээлийн байгуулагынхан хэрхэн ажиллах талаар  өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хэвлэл мэдээллийн байгууллагын 500 гаруй сэтгүүлч энэ жил наадмыг сурвалжилна. HD mongol, МҮОНТ, ТВ9, ТВ5 дөрвөн ТВ наадмыг шууд дамжуулна.

Гадаадын 80-аад сэтгүүлч баяр наадмыг сурвалжилна.Мандатын захиалгыг аваад олгож эхэлсэн байгаа.Ногоон мандат гадаад сэтгүүлчдийнх, ягаан нь шууд дамжуулах сэтгүүлчдийнх, цэнхэр мандаттай сэтгүүлчид нээлт хаалтад ажиллахгүй. Машины зөвшөөрлийг олгож эхэлсэн байгаа. Захиалга өгсөн хэвлэл мэдээллийн байгууллагууд Дүнжингарав, Мишээл Экспогоос авах боломжтой.Өнгөрсөн жил 700-800 сэтгүүлчид мандат аваад бүгд төв цэнгэлдэхэд ордог байсан. Харин энэ жил Төв цэнгэлдэхийн багтаамжаас хамаараад арай өөрчлөгдсөн байгаа. Хүй долоо, сурын талбай, цэнгэлдэхийн эргэн тойронд тус тусад нь сурвалжлах эрх авсан.  Улаан мандат авсан сэтгүүлчид цэнгэлдэх дотор болж буй үйл явдлыг сурвалжилна. Улаан нь дотроо хоёр ялгаатай байгаа.

Цагдаагийн байгууллагын тамгалж өгсөн улаан мандат авсан сэтгүүлчид бөхийг сурвалжилна, бусад нь гаднахыг сурвалжилна" гэлээ.

Хагас жилийн байдлаар зөвхөн усны ослоор 58 иргэн амиа алджээ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 07 дугаар сарын 06, 07-ны өдөр төв, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орохоор байна.

Түүнчлэн хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул ард иргэд амралт чөлөөт цагаараа гол устай газар бараадаж, анхаарал болгоомж алдан усанд осолдох эрсдэлийг дагуулж байна. Тиймээс өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал зарлаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл, Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, ахмад С.Галтзул нар оролцсон юм.    Өнөөдрийн байдлаар гол, мөрөн, нуур, цэвэр, бохир усны шугам, тогтоол ус,  худгийн ус зэрэгт 13 аймгийн 31 сум, нийслэлийн 4 дүүрэгт 58 хүн амь насаа алдсаны 12 нь бага насны хүүхэд байна.  Бага насны хүүхдийг гол, усны орчим орхиод эцэг эхчүүд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, гол, усанд орох үедээ согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө болон бусдыг хянах чадвараа алддаг зэрэг олон шалтгааны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

Усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31-ээр буюу хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмаар олон хоног амралтын өдрүүд тохиох тул иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хамт олон амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР

Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 51 суманд119 удаа, нийт 135 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гарсан түймрийн тоо 33-аар буюу 30 хувиар өссөн, шатлагад өртсөн ойн талбай 17478 га буюу 81 хувиар өссөн, хээрийн талбай 507349 га буюу 1 дахин буурсан үзүүлэлттэй байна.

135 удаагийн эдгээр гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 2225 албан хаагч, 240 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 203 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 388 албан хаагч, 22 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 3406 иргэн, 360 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 6258 хүн, 637 автомашин, 55 мотоцикль, техник хэрэгсэл, 161 морьтойгоор ажилласан.

Өнөөдрийн байдлаар:

Цурманд оруулсан: Сэлэнгэ аймаг Ерөө суманд 1 түймэр, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1, нийт 2 түймрийг цурманд оруулсан.

Асаж байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2 түймэр асаж байгаа байдалтай байна.

Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 40 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 56 иргэн, 8 автомашин нийт 96 хүн, 1 нисдэг тэрэг, 12 автомашин ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдөр зөөврийн хайрцгаар санал авна

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт маргааш болно. Сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр буюу өнөөдөр улс даяар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулдаг. Энэ дагуу өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулна. 
 
Сонгуулийн тухай хуулийн 90-д “эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй; Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа; захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан; байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон; санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал гэсэн сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах" тухай тусгасан. Энэ дагуу өөрийн биеэр хүрэлцэн ирж санал өгөх боломжгүй иргэдийн саналыг өнөөдөр авч байна. 
 
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр хүртэл задлахыг хориглох бөгөөд санал авах өдөр нээж санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх журамтай юм. 

Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Эрдэнэжаргал, Тоёота мотор корпорацийн Төлөөлөгчийн газрын захирал Цүёши Аваи нар Үндэсний их баяр наадмын бөхийн бай шагналын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы Тоёота компани дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг “Ланд крузер-200” маркийн автомашинаар шагнадаг уламжлал тогтоод байгаа юм. Тоёота Мотор Корпорацийн Төлөөлөгчийн газрын захирал Цүёши Аваи “Юуны өмнө үндэсний их баяр наадмаа тэмдэглэх гэж буй та бүхэнд баяр хүргэе. Тоёота мотор корпораци нь улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж дөрөв дэх жилээ угтаж байна. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” хэмээн хэллээ.

Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийн бай шагналыг долоодугаар сарын 13-ны өдөр 12:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд гардуулна. Энэ үеэр наадмын албан ёсны түнш “Тоёота” компани шинэ загваруудаа танилцуулахаас гадна Замын хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй жолоодлоготой холбоотой үйл ажиллагааг таниулж, сурталчлах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монгол цустай хүн ерөнхийлөгч болвол зохистойсон.
Эрдэнэтийн хувьцааг иргэддээ өгнө гэж яг үнэн үү. Амлаад гарсаныхаа дараа 180 градус эргэчихдэг болхоор нь эргэлзэж л байна шүү. Өмнөх сонгуулийн бүх амлалтаасаа буцаа биздээ МАН
2017/07/06 66.181.187.247
зочин
Гэтэл Аудитын байгууллга зөвхөн Баттулгыг буруутгадаг нь юу билээ.....
2017/07/06 66.181.187.247
зочин
Иргэдийн өрийг тэглэхийг зарлах, Хүүхдийн мөнгийг сонгуулиас өмнө амжиж гэнэт өгөх. Аль аль нь 2 нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт ороогүй асуудал биш үү.
2017/07/06 66.181.187.247
  • Recent
  • Most Read
  • Most Comment