Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, энэ оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөн олгох шийдвэр гарсан билээ.
Энэ дагуу Сангийн яамны зүгээс Монголбанк руу нийт 48.4 тэрбум төгрөг шилжүүлээд байгаа аж. Улмаар хүүхдийн болон холбуулсан данс руу өчигдрөөс мөнгийг шилжүүлж байгаа. Тиймээс хүүхдийн мөнгө олгодог арилжааны банкууд ачаалалтай ажиллаж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Төрийн банк энэ сарын 7-8-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллахаар болсноо мэдэгдлээ. Төрийн банкны цагийн хуваарь болон хүүхдийн мөнгөний талаар тодорхой мэдээлэл авах бол 1800-1881 дугаарын утсаар холбогдож болно.