Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга дахин санал хураалтын урьдчилсан дүнгээр тэргүүлж байна. Тэгвэл АН-аас өнгөрсөн шөнө мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Саналын дүн нь ирээгүй 40 орчим хэсгийн хороо байна. Манай нэр дэвшигч урьдчилсан дүнгээр 50,7 хувийн санал авснаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нь тодорхой боллоо. Манай нэр дэвшигчийг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа” гэсэн юм.
Харин нэр дэвшигч Х.Баттулга “хоёр дахь шатны сонгууль дүнгээ гаргаж 610 мянган орчим хүний санал авлаа. Өнгөрсөн хугацаанд дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Монгол Улсаа хөгжүүлэх зорилготой Ерөнхийлөгч байна. Монгол яллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч эв эеийг эрхэмлэх ёстой. Нөгөө талдаа эдийн засгийн хүнд үед өртэй Монголыг өргүй болгоно гэсэн ажилдаа ханцуй шамлан орно” гэв.