8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил бүрэн хангагджээ

2017-07-08 12:30:00

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Наадмын нээлт, хаалтын арга хэмжээг хэн найруулах, нээлт ямар болох нь наадамчин олны хүлээлт дагуулдаг. Монгол Улсын Засгийн газар энэ жил баяр наадмын зохион байгуулах зардалд 2,5 тэрбум төсөвлөсөн. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 300 сая төгрөгөөр бага аж.

Энэ жилийн наадмыг УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна. Харин наадмын ерөнхий менежерээр Ардын жүжигчин П.Цэрэндагва ажиллаж байгаа. Ерөнхий найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ “Өнгөрсөн жилийн наадмын нээлт ард түмэнд таалагдсанд их талархаж байна. Энэ жил түүнээс сайхан зүйл үзүүлэхийг хичээж байгаа. Зураач, бүжиг дэглээч гээд ноднин жил ажилласан багийнхан ажиллаж байна. Нээлт, хаалтын арга хэмжээг агуулгын хувьд их онцлогтой байхаар найруулж байна. Монголчууд бид ардын сайхан аман зохиол, үлгэр домогтой ард түмэн. Тэгэхээр энэ жилийн наадам домгийн, бэлгэдлийн шинжийг агуулна гэж ойлгож болно” гэв. Өнгөрсөн жилийн баяр наадмын нээлт есөн үзэгдлээс бүрдэж байсан. Энэ жил ч гэсэн есөн үзэгдлээс бүрдэх аж. Нийт нэг цаг 20 минут үргэлжлэнэ.  

Цэнгэлдэхийн гадна талын авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор талд гэрэлтүүлгийн ажил шинээр хийгдсэн байна. Шагайн харвааны асарт их засвар хийж сурын талбайн хэмжээг томсгож, үзэгчдийн суудлыг нэмжээ. Энэ жилийн наадмын нээлтэд алдарт эхийн одонтой 80 ээж бүжиглэнэ. Ээжүүд өмсөх хувцсаа өөрсдөө бэлтгэж, сайн дураараа оролцож байгаа нь энэ жилийн наадмын бас нэг онцлог болж буй аж.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment