8o
Улаанбаатар хот
mobile menu

МУ-ын 5 дахь Ерөнхийлөгч тодорч, Засгийн газар Арбитрын шүүхэд ялалт байгуулсан 7 хоног

2017-07-09 10:15:00

Энэ 7 хоног Монгол Улсын хувьд ихээхэн онцлогтой, халуухан сэдвүүдээр дүүрэг өнгөрч байна. Хамгийн онцлох үйл явдал нь Монгол Улс 5 дахь ерөнхийлөгчөө сонгож, Эрдэнэт үйлдвэрээ ард түмний мэдэл өгсөн 7 хоног байлаа. Ингээд үйл явдлын тоймоо хүлээн авна уу.

Засгийн газар Арбитрын шүүхэд ялалт байгууллаа

Мөн энэ долоо хоногт болсон нэгэн сайхан үйл явдал болсон нь Засгийн газар Арбитрын шүүхэд ялалт байгуулав. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар Төмөртэй хүдэр ХХК-ийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгуулсан юм. 

Маргааны нэхэмжлэлийг 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Гаагийн олон улсын Арбитрын шүүхэд гаргасан бөгөөд арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргажээ.

Уг арбитрын маргаан нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдон үүссэн бөгөөд уг орд нь 250 сая тонны төмрийн хүдрийн нөөцтэй бөгөөд Монгол Улсын эдийн засгийн стратегийн гол нөөц ордын нэг юм.

Нэхэмжлэгч талаас бодит хөрөнгө оруулалт 60 сая ам.доллар дээр тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш олж болох байсан бүх ашиг орлого болон арбитрын маргаантай холбогдон үүссэн бүх зардал болох 1 тэрбум шахам ам долларыг нэхэмжлээд байсан ч ийнхүү Монгол Улсын талд шийдвэр гарч, эдийн засагт үүсээд байсан томоохон эрсдлээс сэргийлж чадсан билээ. 

Ч.Содномцэрэн: Х.Баттулгын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй гэсэн тогтоолыг гаргалаа

Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн албан ёсны дүнг нэгтгэн танилцуулж байна. Нийт 1984 хэсгийн хороо байдгаас 1983-ынх нь дүн эцэслэн ирсэн байсан юм. Харин үлдсэн нэг буюу гадаадад байгаа иргэдийн саналын хуудас өчигдөр оройны “Туркиш эйрлайнс”-ийн онгоцоор Турк, Болгар, Египет, Кувейт, Киргиз, Казахстанд саналаа өгсөн 986 иргэний саналын хуудас ирж тоолсноор, дүн бүрэн гүйцэт тодорхой болжээ.

Сонгуулийн эцсийн дүнгээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд сонгогчдоос 497067, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611226 санал авч, 114159 саналын илүүтэйгээр ялалт байгууллаа.

Ази, Европын орнуудад саналаа өгсөн иргэдийн 1345 нь Х.Баттулгыг дэмжсэн бол 270 нь М.Энхболдод саналаа өгчээ.

Сонгуульд оролцох иргэдийн нэрсийн жагсаалтад 1.982.733 иргэн бүртгэлтэй байснаас 60.4 хувь буюу 1.206.809 иргэн саналаа өглөө.

Улмаар Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр Х.Баттулга тодорлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-д өргөн мэдүүлэх талаар хэлэлцэж, тогтоол гаргасан тухайгаа СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн албан ёсоор мэдэгдлээ 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон сонгогчийн олонхын саналыг авч, ялалт байгуулсан Х.Баттулгын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй гэсэн тогтоолыг гаргалаа.. Улмаар 10:00 цагт УИХ-д тогтоолоо өргөн барих аж. 

Бүх хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд  нөхөж олгох шийдвэрийг гаргасан. Тодруулбал, Монгол Улсын эдийн засаг хямралтай хүндхэн үед Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахыг тус сангийн зүгээс Засгийн газарт чиглэл болгож байсны нэг нь хүүхдийн мөнгөний асуудал. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох чиглэл өгч байсан. 2017 он гараад хагас жил гаруй болж байна. Энэ хугацаанд Монголын эдийн засагт ногоон гэрэл асч, эдийн засгийн уналтыг хязгаарлаж, зогсоож чадлаа. Өнөөдрийн байдлаар эдийн засаг 4-4,5 хувийн  өсөлттэй, 500 тэрбум төгрөгийн давсан орлоготой байна. Сүүлийн 4-5 жилд анх удаа төсвийн орлого давж байна. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэгэхээр энэ давсан орлогоосоо энэ хугацаанд хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгож, мөн цаашид бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, эдийн засгийн орлогоос иргэн, өрх бүртээ хүртээх гэгээлэг шийдвэрийг Засгийн газар гаргасан юм. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаанаас иргэн бүрт хувь эзэмшүүлнэ

 Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гарч холбогдох яамдын сайд, агентлагийн дарга нарт үүрэг өгсөн. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийн дээрх хувьцаанаас нийт ард иргэдэд хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгасан юм. 

УИХ-ын хаврын чуулган хаалаа

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн пүрэв гаригт хаасан. УИХ-ын дарга М.Энхболд хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ “2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж байна. Энэ чуулган ажлын 55 өдөр үргэлжилж бие даасан 18 хууль, 113 хуульд өөрчлөлт, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 9, УИХ-ын 30 тогтоолын төсөл хэлэлцэн баталсан байна.

Нийгэм, эдийн засагт нааштай үр дүн гарч эхэлж байна. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сүүлийн дөрвөн жил дараалан унаж байсан бол энэ оны таван сарын байдлаар эдийн засаг 4.2 хувиар өслөө, 29 мянган иргэн ажилтай болж, ажилгүйдлийн төвшин буурлаа.

Гадаад худалдааны ашиг эхний таван сард 1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Долларын ханш 2016 оны арваннэгдүгээр сард 2600 төгрөгт хүрч байсан бол 2350 төгрөг болгож буурууллаа. Төсвийн орлого 2.6 тэрбум болж, 27.9 хувиар буюу 581.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, орлого давж биеллээ.

УИХ Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар шийдвэрээ гаргасан. Шийдвэрийн үр дүн иргэд олон нийтийн оролцооноос хамаарах тул чуулганы завсарлагааны хугацаанд анхаарч ажиллаарай.

М.Энхболд: Сонгуулийн санал хураалтын дүнг хүндэтгэн хүлээн авч байна

МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн М.Энхболд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр сонгуулийн  санал хураалтын дүнг хүндэтгэн хүлээн авч байгаагаа илэрхийлэв.  М.Энхболд "Сонгуулийн санал хураалтын дүнг би хүндэтгэн хүлээн авч байна.

-Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ, миний сонгуульд ажилласан намын гишүүд, дэмжигчиддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

-Манай нам хэдийгээр энэ сонгуульд амжилт гаргаж чадаагүй ч гэсэн бид бүхэн ард түмнийхээ өмнө амласан, хийж эхлүүлсэн ажлаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно оо" гэв.

Мөн  Тэрбээр Үндэсний Их Баярын наадмын өмнө буюу долоодугаар сарын 10-нд шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргүүлэх ёслолыг зохион байгуулах талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой санал солилцсон тухайгаа ярьсан гэдгээ онцолсон юм. 

Х.Баттулга: Өртэй Монголыг өргүй болгоно гэсэн ажилдаа ханцуй шамлан орно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга дахин санал хураалтын урьдчилсан дүнгээр тэргүүлж байна. Тэгвэл АН-аас өнгөрсөн шөнө мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Саналын дүн нь ирээгүй 40 орчим хэсгийн хороо байна. Манай нэр дэвшигч урьдчилсан дүнгээр 50,7 хувийн санал авснаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нь тодорхой боллоо. Манай нэр дэвшигчийг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа” гэсэн юм.   

Харин нэр дэвшигч Х.Баттулга “хоёр дахь шатны сонгууль дүнгээ гаргаж 610 мянган орчим хүний санал авлаа. Өнгөрсөн хугацаанд дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Монгол Улсаа хөгжүүлэх зорилготой Ерөнхийлөгч байна. Монгол яллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч эв эеийг эрхэмлэх ёстой. Нөгөө талдаа эдийн засгийн хүнд үед өртэй Монголыг өргүй болгоно гэсэн ажилдаа ханцуй шамлан орно” гэв. 

Мазаалай хиймэл дагуул өнөөдөр сансрын тойрог замд орно

Монгол Улсын анхны хиймэл дагуулыг Олон Улсын Сансрын Станцад  сарын өмнө хүргэсэн. Тэгвэл Мазаалай хиймэл дагуул өнөөдөр Улаанбаатарын цагаар 16.30 цагт сансрын тойрог замд орно гэдгийг төслийн багийнхан мэдэгдлээ. Хиймэл дагуулыг ОУСС-аас чөлөөлж задгай сансарт гаргах ажиллагааг Японы Сансрын агентлаг удирдан явуулж байгаа бөгөөд ОУСС-ын нисэгч гүйцэтгэх юм байна.  

Монгол хүний гараар бүтсэн төхөөрөмж улсынхаа нэрийг сансарт бичих түүхэн агшинг Японы Сансрын агентлагийн цахим хуудсаар 16.30 цагт шууд дамжуулах ЭНЭХҮҮхолбоосоор үзэж болох ажээ.

Ийнхүү Монгол Улс өөрийн хиймэл дагуултай болсноор бие даасан сансрын судалгаа хийх, нутаг дэвсгэрийнхээ илүү нарийвчилсан зураглал гаргах, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг үүргийг гүйцэтгэх ач холбогдолтой.

Манай анхны бага оврын хиймэл дагуул нь дэлхийг тойрч Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилтыг хийх юм. Үүнд, нисэж буй орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг тодорхойлох, хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлж сүлжээ зохион байгуулах, соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээх тухай тус төслийнхэн мэдээлжээ. Уг хиймэл дагуултай манай судлаачид өдөрт 5-6 удаа холбогдож мэдээлэл авч байх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment