8o
Улаанбаатар хот
mobile menu

Уяачдыг өнөөдөр бүртгэнэ

2017-07-09 12:30:00

Хурдан морины салбар хорооноос Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар, Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодологын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Алтансүх нар оролцов.

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар “Долоодугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьд уралдана. Долоодугаар сарын 11-нд азарга, их нас, долоодугаар сарын 12-нд соёолон, дааганы уралдаан болж зургаан насаа стадионд цоллуулах ажил зохион байгуулагдана. Уяачдын наадам Хүй долоон худагт долоодугаар сарын 13-нд зохион байгуулагдана. Уяачдын наадмаар эрлийз, дээд, дунд, бага насны морьд уралдах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Уяачдын бүртгэлийг долоодугаар сарын 9-ний өдөр 08.00 цагаас Хүй долоон худагт хийж эхлэх юм. 

Зай хугацааны хувьд хуучин зайгаараа уралдах нь зүйтэй юм байна гэж шийдвэрлэжээ. Үндэсний их баяр наадмын тухай хуульд бөхөөс сэргээшийн шинжилгээ авна гэж заасан байдаг. Уралдсан морьдоос шинжилгээ авна гэж заагаагүй учраас бид хуулийнхаа дагуу ажиллах юм. Энд дашрамд дуулгахад Үндэсний соёл амралтын хүрээлэн Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран унаач хүүхдүүдийг паркт 5 хүртэлх тоглоом тоглуулах эрхийн бичгээр урамшуулж байгааг хэлье” гэв. ХХААХҮЯ-ны мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Эрлийз морьдыг ялгах асуудал яригдаж байгаа. Яг энэ дагуу чиг үүрэг өгөгдөн, ажиллаж байна. Эрлийз морьдыг ялгахдаа биеийн ерөнхий галбир, сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгоно. Сэрвээний өндрийг нас насаар нь тодорхой зааж өгсөн байгаа” гэв.

Хурууны хээн цахим бүртгэлээр уралдаанч хүүхдийг бүртгэх учраас заавал уяач, уралдаанч хүүхдийн хамт ирж бүртгүүлэх шаардлагатай...Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Алтансүх “Үндэсний их баяр наадмын үед хүүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Жил бүрийн Үндэсний их баяр наадмын арга хэмжээ зохион байгуулах хорооны ажлын хэсэгт орж хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн, наршсан, морь малд дайруулах эрсдэлтэй хүүхдэд урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх “Хүүхэд хамгаалал-108” гэрийг барьж, долоодугаар сарын 10-13-ны хооронд ажиллана. Уралдаанч хүүхдийг бүртгэл 2017 оны долоодугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Хүй долоон худагт явагдана. Энэ жилээс уралдаанч хүүхдийг хурууны хээн цахим бүртгэлээр бүртгэж, эрсдэлийн түвшин тогтоох программд мэдээллийн бааз үүсгэх ажлыг шинээр хийнэ. Хурууны хээн цахим бүртгэлийг нэвтрүүлснээр уралдаанч хүүхэд бүрт дугаар олгогдож, хэдэн наснаас эхлэн хэдэн жил морь унаж байгаа, оролцсон уралдааны мэдээлэл, уяачын мэдээлэл, гаргасан амжилт, учирсан эрсдлийн мэдээлэл, сургуульд хамрагдалт, үзүүлсэн үйлчилгээ зэрэг бүх мэдээллийг хянах боломжтой болж байгаа юм.

Хурууны хээн цахим бүртгэлээр уралдаанч хүүхдийг бүртгэх учраас заавал уяач, уралдаанч хүүхдийн хамт ирж бүртгэл хийлгэх шаардлагатай. Бүртгүүлэхээр ирэхдээ төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан баримтыг авч ирэх хэрэгтэй” гэж онцоллоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment