Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн албан ёсны дүнг нэгтгэн танилцуулж байна. Нийт 1984 хэсгийн хороо байдгаас 1983-ынх нь дүн эцэслэн ирсэн байсан юм. Харин үлдсэн нэг буюу гадаадад байгаа иргэдийн саналын хуудас өчигдөр оройны “Туркиш эйрлайнс”-ийн онгоцоор Турк, Болгар, Египет, Кувейт, Киргиз, Казахстанд саналаа өгсөн 986 иргэний саналын хуудас ирж тоолсноор, дүн бүрэн гүйцэт тодорхой болжээ.
Сонгуулийн эцсийн дүнгээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд сонгогчдоос 497067, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611226 санал авч, 114159 саналын илүүтэйгээр ялалт байгууллаа.
Ази, Европын орнуудад саналаа өгсөн иргэдийн 1345 нь Х.Баттулгыг дэмжсэн бол 270 нь М.Энхболдод саналаа өгчээ.
Сонгуульд оролцох иргэдийн нэрсийн жагсаалтад 1.982.733 иргэн бүртгэлтэй байснаас 60.4 хувь буюу 1.206.809 иргэн саналаа өглөө.
Улмаар Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр Х.Баттулга тодорлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-д өргөн мэдүүлэх талаар хэлэлцэж, тогтоол гаргасан тухайгаа СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн албан ёсоор мэдэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон сонгогчийн олонхын саналыг авч, ялалт байгуулсан Х.Баттулгын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй гэсэн тогтоолыг гаргалаа.. Улмаар 10:00 цагт УИХ-д тогтоолоо өргөн барих аж.