Монгол Улсын ТАВ дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг өргөх ёслол Төрийн ордны Их танхимд боллоо. Х.Баттулга Үндсэн хуулийн дээр гараа тавьж, тангаргийн үг болох "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн хэлэв. Үүний дараа халаагаа өгч буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тамгыг шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгад шилжүүлэн өглөө.
УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Ерөнхий прокурорын газрын дарга нар оролцож байна. Мөн манай улсад суугаа элчин сайдууд оролцсон юм.
Улмаар Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ээж Ц.Должинсүрэн хүүдээ мөнгөн аягатай сүү өргөж хүүдээ төр түмнийхээ өмнө хариуцлагатай ерөнхийлөгч болохыг хүслээ. Үүний дараа Х.Баттулга УИХ-д болон ард түмэндээ хандаж үг хэлэв.
-Монголчуудаа, элэг нэгт ахан дуусаа. Миний бие тангаргаа өргөлөө. Надад хүлээлгэж буй их итгэл найдвар хариуцлагыг ард түмний төлөө ажиллах дулага хэмээн хүлээн авч байна. Тангараг өргөсөн энэ цаг мөчөөс хойш хийх ажил их байна. Хамгийн түрүүнд ард түмний эрх ашгийг хамгаалсан ажил хийнэ. Мөн Тэрбээр "Элэг нэгт ахан дүүсээ, УИХ-ын эрхэм гишүүд, хүндэт зочид хатагтай ноёдоо Миний бие иргэдийн итгэлийг хүлээж Ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө. Би Ерөнхийлөгчийн албыг чин шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээн авч байна. Итгэл өгч, мөрийн хөтөлбөрийг маань дэмжсэн нийт иргэддээ халуун баяр, талархал илэрхийлье. Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн олон сорилтууд эх оронч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэлийг шаардаж байна. Та бүхнийхээ өндөр итгэлийг шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа тангараглаж байна.
УИХ-ын эрхэм гишүүдээ, нэн тэргүүнд би иргэдийг ядуурлаас аврах, ажилгүйдлээс гаргахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллах болно. Хамтын хүч ямагт амжилт авчирдаг билээ. Монголчууд аа, ахан дүүсээ. Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. Миний бие хууль ёсыг уландаа гишгэсэн хуйвалдаанч түшмэлийн бодлогыг дэмжихгүй. Төрийн албыг наймаалдаг аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ. Иргэдээ ядууруулж цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна" хэмээв