Баяр наадмын буюу долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд болсон ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, 70 хүн гэмтсэн талаар Замын цагдаагийн албанаас мэдээллэв. Мөн энэ өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 1236 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 790 дуудлага бүртгэгдсэн аж. Үүнээс гэмтэж бэртсэн иргэдийн 18 нь бага насны хүүхэд байжээ.Тодруулбал БЗД-ийн нутаг Хонхорын шинэ замд А жолоочтой амины Мустанг маркийн мотоцикл онхолдож, зорчигч 32 настай Б-н амь нас хохирсон байна. Улмаар БГД-ийн нутаг Телевизийн эцэс рүү нийлдэг даланд амины T.Prius маркийн автомашины жолооч Ч нь далан руу унаж жолооч, зорчигч нарын хоёр хүн гэмтсэн. Харин орон нутгийн хувьд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Хоёр даваа” гэх газар асфальтан замд N.Sunny маркийн Ө жолоочтой автомашин H.Accent маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 31 настай Э-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсныг шалгаж байна.
Наадмын өдрүүдэд ослын улмаас 2 хүн амиа алдаж, 70 хүн гэмтжээ
2017-07-17 09:05:38