УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталжээ.
Улсын хэмжээгээр сая нэг зуун мянга гаруй ажиллагсад бий гэх судалгаа байдаг. Нийт ажиллагсдын 47 хувь буюу 550 мянга орчим нь малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд юм.
Гэсэн хэдий ч малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн тооцоо байна.
Тус хууль батлагдснаар малчин болоод, хувиараа хөдөлмөр эрхэлснээсээ хойш нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй байгаа иргэд төлж чадалгүй явж ирсэн тэр хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх эрхийг нээж өгч байгаа аж.