-Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр хариуцлагаа хүлээж ажлаа өгөхийг шаардав-
МАН-ын бага хурлын гишүүд болон МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар нар өнөөдөр намын удирдлагуудад хариуцлага тооцох тухай асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Хурлын эхэнд МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар: Бид МАН-д элсээд 16 жил боллоо. Энэ хугацаанд чин үнэнч шударгаар намдаа зүтгэж ирсэн. МАН бол зөв нам. Зөв нам учраас хариуцлагын тогтолцоо зөв байж улс төрийн соёлыг тогтоох ёстой. Энэхүү зарчмыг бий болгохын тулд шаардлага гаргасан. МАН-ын гишүүдийн хөдөлгөөнийг бид байгуулсан. Энэ нь хэн нэгэн хүнийг огцруулаад хариуцлага тооцоод тарах хөдөлгөөн биш. Цаашдаа шат шатанд зөв зүйлийг бий болгохын төлөө явна. Бид намын удирдлагуудад нэг нэгээр нь шаардлага хүргүүлнэ. Эхний удаад бид МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардах бичиг хүргүүлж байгаагаа онцолсон юм.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежер Д.Амарбаясгалан нь сонгуулийн үйл ажиллагаанд намын анхан шатны байгууллага болон гишүүд дэмжигчдийнхээ хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шударга зарчмыг баримтлан ажиллаж чадаагүй. Мөн дотоод удирдлагаар хангаж, оновчтой үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргаагүй учраас бид ялагдсан хэмээн үзэж байгаа ч дурдсан юм.
Тиймээс Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр хариуцлагаа хүлээж ажлаа өгөхийг шаардаж байна. Зөвхөн нэг хүнтэй хариуцлага тооцоод дуусахгүйгээр уриалга гаргана гэдгээ мэдэгдэв.